
Нийгмийн Халамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Чанцал ярихдаа “-Энэ удаагийн судалгаа нь өрх гэр бүлтэй холбоотой бүхий л мэдээллийг олон асуулгаар гаргаж байгаа учраас нууцлал өндөртэй хийгдэж байгаа. Аймгийн хэмжээнд авсан судалгааг одоо цахим санд нэгтэн бүртгэх ажиллагаа ид явж байна. Бэлэн болсон судалгаагаа шинэ оны 1-р сарын 15-нд улсын нэгдсэн санд хүлээлгэж өгнө” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “- Энэ мэдээллийн сангийн ач холбогдол их. Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн салбар бүрээс сонирхож байгаа мэдээллээ энэ сан руу орж авах боломж бүрдэнэ. “-Дарханд ажил эрхлээгүй иргэд хэд байна вэ?”, “-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй хүмүүс байна уу?” гээд ганц товч дарахад л хариу нь шууд гарч ирэх жишээтэй. Түүнээс гадна хүн амын тоог, хүйс, насны байдлаар нь нэг бүрчлэн зааж, газар нутгийн байршилтай нь тодорхойлж өгснөөрөө аюул ослоос сэргийлэх, онцгой байдлын албаны шуурхай ажиллагааг урьдчилан төлөвлөх бэлтгэх зэрэгт тусалж байгаагаараа давуу талтай. Жишээ нь, Дархан-Уул аймгийн Орхон сумын “Аргалын гарам” гэдэг газарт голын ус үерлэлээ гэж бодоход, тэнд хичнээн өрх айл нутагладаг, хэдэн эрэгтэй, эмэгтэй хүнтэй, хүүхэд нь хэд вэ гэсэн мэдээллийг яаралтай гаргаж ирж, тэдэнд зориулсан хувцас, хамгаалах хэрэгслийг нас, хүйсээр нь бэлтгэж авч явах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлалаа. Судалгааны гол ач холбогдол нь, аймаг, сум, баг бүрийн айл өрхүүдийг, амьжиргааны түвшингээр нь эрэмбэлж өгсөнд байгаа. Ингэснээр зөвхөн улс орны хэмжээнд биш олон улсын халамж, тусламжинд хамрагдахад шаардагддаг гол үзүүлэлт, тоо баримтыг мэдээллийн сан хангаж өгөх юм.