Их хэмжээний мөнгө хууль бусаар цувчуулж байсан нь тогтоодсоор байтал иймэрхүү нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр арга хэмжээ авсан болоод өнгөрсөн нь удирдлагуудыг нь хань, хамсаатан нь гэж хардахад хүргэж байгаа гэнэ. Б.Батбаатарын хадам дүү Б.Ганбаатар хоёр сарын хугацаанд ОХУ-аас импортын ачаатай орж ирсэн “Red” төлөвтэй 70 гаруй машинаас 200 мянган төгрөг авч, хүргэн ах Б.Батбаатартаа өгч байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогджээ. Эндээс олсон мөнгөө Б.Батбаатар өөрийн жолооч Баттулгын болон ачигчийн данс руу эхэндээ шилжүүлж байгаад сүүлдээ даамжирч өөрийнхөө данс руу хийлгэж байсан нь тогтоогдсон байна. Гэвч Гаалийн ерөнхий газрын удирдлага Б.Батбаатарт сахилгын арга хэмжээ авч, албан тушаалыг нь бууруулаад л орхижээ. Өөрөөр хэлбэл, толгойг нь илээд өөр гаалийн боомт руу шилжүүлсэн тушаал буулгав. Тэгвэл одоо энэ нөхрийн шамшигдуулсан арав гаруй сая төгрөгийг төлүүлж улсыг хохилгүй болгож өгнө үү гэсэн сөрөг ажилчдынх нь нэхэмжлэлийг хэрхэх нь тодорхойгүй байна.
Тэрээр одоо Алтанбулагийн хил дээр байсаар байгаа бөгөөд өвчтэй гэж эмчийн магадлал бичүүлэн гааль орчмоор өдөр бүр согтуу явж байгаа сурагтай. Түүнд шалтгаангүйгээр эмчийн магадлал гаргаж өгч буй н.Цолмон гэх эмч байгааг ч эх сурвалж хэллээ. н.Цолмон гэх эмч ч мөн урьд нь шалтгаангүй өвчний магадлал гаргаж өгч байгаад тэр нь илэрч хариуцлага тооцуулж байсан нэгэн гэнэ.
Б.Батбаатар өмнө гаалиар татваргүй бараа оруулж ирсэн, хамтран зүтгэгчдээ хэл амаар доромжилж айлган сүрдүүлж, их хэмжээний төгрөг завшиж байсан нь нэгэнт тогтоогдсон байна. Түүний танхай үйлдэл ганц удаагийн үйлдэл ч байгаагүй гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн хамтран ажиллагсад нь хэллээ.
Тэрээр тав орчим жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Гаалийн газар нэг сарын хугацаанд томилогдон орлогч дарга хийж байхдаа н.Чинбаатар гэх байцаагчийн толгойг архины шилээр цохиж гэмтээжээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, үүний улмаас тухайн үед орлогч даргын албан тушаалаасаа огцорсон бөгөөд бүр ажлаасаа ч халагдаж байжээ. Гэхдээ хожим нь тэрээр өөрийн танил талаараа хөөцөлдөж явсаар дахин байцаагч хийж эхэлсэн гэнэ.
Түүнийг ажилгүй байх хугацаанд хамтран ажиллаж байсан нөхдүүд нь тусалж, айлд орогнуулж байсан бөгөөд “Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана” гэхчээр хоёр сарын туршид орогнуулан, хооллож явсан гэрийн эздийг зодож, хүндээр гэмтэээжээ.
Эдгээр хохирогчид ч мөн түүний энэ үйлдлийг батлан мэдэгдэл хийхэд бэлэн гэдгээ хэлж байна. Хохирогчид ихэд ундууцсан байдалтай Сэлэнгийн Гаалийн газрын орлогч дарга асан Б.Батбаатарт зориулан “Хүн хог” гэсэн хоч хүртэл гаргасан юм билээ.