Монгол улсын тэргүүлэгч ХААН Банк өөрийн хөрөнгө болон санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх 20 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг OPEC(Organization of Petroleum Exporting Countries)-ийн Олон Улсын Хөгжлийн Сантай хамтран байгууллаа.
ХААН Банк энэхүү санхүүжилтийг Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид болон гадаад, дотоод худалдаа эрхлэгчдэд зээл хэлбэрээр худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулах юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр OPEC-ийн Олон Улсын Хөгжлийн Сангийн Ерөнхий захирал Сулеман Ж Ал-Хэрбиш хэлэхдээ:OPEC-ийн Олон Улсын Хөгжлийн Сан нь ХААН Банкинд урт хугацааны санхүүжилт олгох замаар Монгол улсад тогтвортой хөгжлийг бий болгох, ядуурлыг бууруулахaд хувь нэмэр оруулж хамтран ажиллах болсондоо баяртай байна. Цаашид бид илүү олон салбарт хамтран ажиллана гэж найдаж байна хэмээлээ.
Харин ХААН Банкны Гүйцэтгэх Захирал Норихико Като ХААН Банк OPEC-ийн Олон Улсын Хөгжлийн Сантай хамтарч ажиллах болсондоо таатай байна. Бидний хамтын ажиллагаа ХААН Банкны цаашдын амжилтанд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бид энэхүү санхүүжилтийг ХААН Банкны гол харилцагчид болох жижиг дунд бизнес эрхлэгчид болон худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зориулах юм. Хурдацтай өсөж буй Монголын зах зээлд жижиг дунд бизнес эрхлэгчид өөрийн бизнесэээ өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж цохон тэмдэглэлээ.
Олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү өргөжүүлснээр ХААН Банк орон даяар байрлах 100% онлайн сүлжээнд холбогдсон 514 салбар нэгж, 340 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага, 4500 гаруй ажиллагсдаараа дамжуулан харилцагч бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд урт хугацаат зээлийн бүтээгдэхүүнийг улам таатай нөхцөлөөр үргэлжлүүлэн олгоно.