Өмнөд Солонгосын олон улсын тойрог замын барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа, энэ зун товлосон хугацаандаа дуусч ашиглалтанд орох талаас Өмнөд Солонгосын талаас мэдээлсэн байна. Хуваарь ёсоор долдугаар сард ашиглалтад оруулж, улмаар аравдугаар сард “Формула-1”-ийн энэ оны сүүлийн гран-при уралдаануудын нэг зохиогдох ёстой.
“Бид Өмнөд Солонгосын тойрог замыг, бусад байгууламжууд болон гран-приг дээд зэргийн өндөр төвшинд хийх бэлтгэл ажлыг хийж байна” гэж зохион байгуулагчид нь ярьжээ.
“Формула-1” есдүгээр сарын 26-нд Сингапурт зохиогдох бөгөөд хоёр долоо хоногийн дараа Японд хүрэлцэн ирэх юм. Харин Ази тивээр хийх аялан тоглолтынхоо сүүлчийн зогсоол болох Өмнөд Солонгост 10-р сарын 24-нд уралдаад Өмнөд Америкийг зорино.
Өмнөд Солонгосын тойрог зам нь Сөүл хотоос 400 км зайд орших бөгөөд хоёрдмол бүтэцтэй баригдаж байгаа ажээ. 264 сая ам.доллараар босч байгаа энэ замын эхний хэсэг нь хотын гудамжаар тавигдаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.
Ямартай ч эхний байдлаар долоон жилийн хугацаанд тасралтгүй Өмнөд Солонгост “Формула-1”-ийн гран-при уралдааныг зохион байгуулахаар гэрээ байгуулжээ.
Б.Ялалт
Score Studio