Байнгын хорооны хуралдаанаар сайдын мэдээллийг сонсов

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаанаар сайдын мэдээллийг сонсов

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 2013 оны 12-р сарын 17-ны өдрийн 09.50 цагт Төрийн ордны “Б” танхимд болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар удирдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, А.Бакей, Ж.Батсуурь, О.Баасанхүү, С.Ганбаатар, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Г.Уянга, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар болон Ажлын хэсгийн гишүүд, холбогдох яамдын ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилтуудын өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, санхүүжилтийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх Хөдөлмөрийн сайдын болон Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил төлөвшилт хэрхэн нөлөөлж байгаа талаарх Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын мэдээллүүдийг тус тус сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд нарын хийх мэдээллийг хойшлуулсан учир гишүүдийн олонхийн саналаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсноо хэлж, санал хураалт явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн болон Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Засгийн газрын 56-р тогтоолоор батлагдсан “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Монгол судлалыг хөгжүүлэхэд 8 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөж байсан болон 2014 онд улсын төсөвт хэдэн төгрөг тусгасан талаар тодруулж, гадаадын их, дээд сургуулиудын монгол судлалын төвүүдийг дэмжих талаар асуулт асууж, хариулт авав.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ургамалцэцэг 2014 онд монгол судлалыг хөгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөг тусгах байснаас 800 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн гээд элчин сайдын яамдаар дамжуулан монгол судлалын төвүүдийн мэдээллийг цуглуулж судалгаа хийж байгаагаа дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга монгол судлалын үндэсний зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага байгаа эсэх, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон их, дээд сургуулиудад тулгуурлах, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан Шинжлэх ухааны академийн доктор, профессоруудтай энэ асуудлаар санал солилцсон, монгол судлалын асуудлыг зангидан нэгтгэх, тогтвортой хөгжүүлэхэд Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь Монголын түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин сүүлийн жилүүдэд Үндэсний зөвлөлийг олноор байгуулах боллоо, тэгээд ч Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь хэр оновчтой талаар асуулт асуулт хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улс цөөнхөн хүн амтай, бидний эргэн тойрон хилийн чанадад Тува, Буриад, Уйгур гээд олон үндэстэн, ястанууд байдаг, монгол судлалыг Засгийн газрын хэмжээнд авч үзэн, Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Ажлын хэсгийн саналын томьёололд шинээр нэг заалт нэмж оруулж, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг найруулгын санал гаргав.

Ажлын хэсгийн саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэв.

Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд сонсгов.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хөдөө орон нутгийн хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах Соёлын төв, номын сан, спортын цогцолбор үнэхээр шаардлагатай байна, энэ талаар нэгдсэн тооцоо судалгаа бий юу, арилжааны телевизүүдийн хэдэн хувь нь түүх, соёлоо түгээн дэлгэрүүлж байна, Боловсрол телевизийн статус нь хэний харьяалалд байгаа талаар асуулт асууж тодруулга авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл манайд нэгдсэн тооцоо судалгаа бий, хөдөө орон нутагт л гэхэд 150 тэрбум төгрөгний дуусаагүй барилга байгууламж байна. Нийтдээ 300 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай, бид аль болох улсын төсвийн хөрөнгөнөөс гадна өөр эх үүсвэрүүдийг хайж, хувийн хэвшлийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлж байна гэлээ. Түүнчлэн арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийн агуулгад квот тогтоож, 50-иас дээш хувь нь үндэсний нэвтрүүлгүүд байхаар хуулийн төсөл санаачлан боловсруулж байгааг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь яамнаас зүгээс хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх талаар олон зүйл хийснийг дурдаад усан болон цана, тэшүүрээр хичээлэх нь хүүхдийн тулгуурт эрхтнийг хөгжүүлэх, бүх сумдын сургуулийг спорт заалтай болгох, монголын түүх, соёлын дурсгалт газруудаар хүүхдүүдийг анги хамт олноор аялуулахын ач холбогдлыг онцлон дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей шинээр байгуулагдсан яам гэхэд хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх талаар олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулсныг дурдаад бусад чиглэлийн яамдтай хэрхэн хамтрах ажиллаж байгаа тухай болон үндэсний цөөнх болсон Баян-Өлгий аймгийн хүүхэд, залуучуудын хөгжүүлэх, мэдээлэл авах, сурч боловсрох нөхцлийг хэрхэн бүрдүүлж байгаа талаар асуулт асууж хариулт авав. Түүнчлэн хөдөө орон нутгийн номын сангийн ихэнх нь хуучирсан ном зохиолтой, хүүхдийн танин мэдэхүйн гарын авлага дутагдалтай, зарим телевизүүд хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц нэвтрүүлгүүд гаргаж байгааг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжил, төлөвшлийн асуудлаар ямар бодлого, механизм байгааг тодруулаад арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийн агуулгаар Ёс зүйн зөвлөлтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар хариулт авахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга энэ яамыг эмэгтэй хүн удирдаж байгаа учраас хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх асуудалд илүү мэдрэмжтэй, бидний тэр болгон ажиглаад байдаггүй олон зүйлийг хийсэнд баяртай байна гээд төв бассейн тааз нурсан, Лениний музейн асуудал хэзээ шийдвэрлэгдэж дуусах болон цорын ганц Циркийг хувьчилж, циркчдийг дасгал сургуулилтаа хийх байргүй болгон бизнесийн зориулалтаар ашиглах нь хэр шударга болох түүнчлэн гадаад аялал жуулчлалыг хөгжүүлж, улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар асууж хариулт авав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх асуудлаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, холбогдох яамдад чиглэл өгөхөөр тогтов. Тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг томилов. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, Г.Уянга ажиллахаар боллоо.

Хөдөлмөрийн сайд гадаадад томилолттой байгаа учир сайдын мэдээллийг хойшлуулж дахин хэлэлцэхээр тогтлоо. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр хэлэлцэхээр тогтсон гурван сайдын мэдээллийг сонсох, ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж тус байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж