Банкны холбооны удирдлагуудыг улируулан сонголоо

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Банкны холбооны удирдлагуудыг улируулан сонголоо

Монголын банкны холбооны ээлжит чуулган өчигдөр болж, жилийн ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэхийн сацуу удирдлагуудаа сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр М.Болд 2011 оноос хойш ажилласан бөгөөд түүнийг гишүүдийн олонхийн саналаар энэ удаа ч мөн улируулан сонгожээ.

Түүнчлэн холбооны дэд ерөнхийлөгчөөр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “Голомт” банкны дэд захирал М.Чингүн, “Хаан” банкны гүйцэтгэх захирал Норихито Като нарыг томилсон байна. Ингэснээр Б.Мэдрээ, М.Чингүн нар улиран сонгогдож байгаа юм.

Монголын банкны холбоо энэ жилээс банк, санхүүгийн салбарын хөгжил, эрх тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, улс төр, нийгэмд үлэмж хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан, “Хаш эрдэнийн одон”-г гардуулахаар болжээ. Банкны холбооны энэхүү дээд шагналын анхны эзнээр Монгол Улсад хоёр шатлалт банкны системийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, банк санхүүгийн байгууллагад олон жил хөдөлмөрлөсөн, Худалдаа хөгжлийн банкийг үүсгэн байгуулсан Б.Мэдрээ тодорсон байна.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж