-МАН-аас огцруулах үндэслэлтэй холбогдуулж дөрвөн асуудлыг гаргаж тавьсан байгаа. Үүний нэг нь Төсвийн тодотголыг 2014 оны төсвийн төсөлтэй хамтруулан хийхдээ эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэнгүй гэх шүүмжлэл. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Төсвийн хуулинд тодотгол хийх нөхцөлийг маш тодорхой зааж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ДНБ-ний гурван хувьтай тэнцэх хэмжээгээр улсын төсвийн алдагдал нэмэгдсэн үед Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барина гэж заасан. 2013 оны нэгдүгээр улиралд төсөв алдагдалгүй гарсан. Хоёрдугаар улирлын дүнгээр ч мөн алдагдалгүй байсан. Тэгэхээр нэг, хоёрдугаар улирлын дүнгээр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байсан нь ойлгомжтой. Харин гуравдугаар улирлын дүнгээр буюу албан ёсны статистикаар төсвийн алдагдал нэг хувьтай байсан. Нэг хувийн алдагдалтай байх үед мөн л хуулийн болзол хангагдаагүй. Гэхдээ засгийн газар гурван улирлын явц, үлдэж байгаа нэг улирлын төсөөллийг харгалзан үзээд УИХ-д төсвийн тодотголыг өргөн барьж, хуулийн хугацаанд хэлэлцэн баталсан.
-Төсвөөс гадуурх санхүүжилт буюу Чингис бондтой холбоотой асуудлыг МАН мөн хөндөж байгаа?
-Дотроо хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, их хэмжээний үнэт цаас гаргасан, хоёрдугаарт цагаа олоогүй үед үнэт цаасыг боловсруулсан, гуравдугаарт улсын төсвийн гадуур энэ хөрөнгийг зарцуулж байна гэх асуудлууд байгаа. УИХ-аас Засгийн газарт үүрэг өгч, 52 дугаар тогтоол гэж гаргасан. Энэ тогтоолоор бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, гадаадын санхүүгийн зах зээл дээрээс 5 тэрбум ам.долларын эх үүсвэр босго гэдэг даалгавар өгч байсан юм. Тогтоол 2012-2014 онд буюу гурван жилийн хугацаанд хэрэгжихээр гарсан байгаа. Энэ хүрээнд ажиллаж, 2013 оны төсөвт Чингис бондын талаар тодорхой асуудлуудыг тусгасан. Тухайлбал, Чингис бондын жил тутам үйлчлэх зардал буюу хүүгийн нэг жилийн төлбөрийг тусгасан. Хоёрдугаарт, Монгол Улсын өрийн хязгаар дотор Чингис бондын энэ хэмжээг харгалзан үзсэн. Өөрөөр хэлбэл, хуулиар заасан хязгаарт багтаасан гэсэн үг. Жишээ нь, яагаад 1.5 биш 2 тэрбум байгаагүй вэ гэхээр хуулиар тогтоосон Монгол Улсын өрийн хязгаарыг давчих гээд байсан юм. Гуравдугаарт 2014 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй үндэслэлийг ашиглаж, тооцооллоо хийсэн гэдэг асуудал. Үүний цаана 2013 оны тавдугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслээгүй гэсэн санаа явж байгаа юм. Төсөв батлахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад, тэр дагуу төсвийн эрх захирагчдад төсвийн хязгаар үзүүлэлтүүдийг Сангийн яам хүргүүлнэ, энэ хязгаарт багтааж, УИХ-д төсвөө өргөн барина. Хэрэв зайлшгүй шаардлагаар Төсвийн хүрээний мэдэгдлээс зөрүүтэй тооцоолол хийвэл Төсвийн хүрээний мэдэгдлийг хамтад нь өргөн барина гэсэн хуулийн заалттай. Төсвийн хүрээний мэдэгдлийг баталж мөрддөг практик Монгол Улсад хэрэгжээд долоон жил болж байна. Энэ хугацаанд жил бүр яг энэ жишгээр л явж ирсэн. Ер нь жил бүхэн Төсөв, Төсвийн хүрээний мэдэгдэл хамт явдаг, хоорондоо уялдсан зохицуулалт хийгддэг. Батлагдсан төсөвтөө уялдуулж төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулаад явдаг жишгээр л явсан. Энэ бол хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа шүү дээ. Хэрэв төсвийн хүрээний мэдэгдлээс өөрчлөлт орохоор байвал саналаа үндэслэлтэй нь хамт оруулна гэсний дагуу л өргөн барьсан. Энэ жилийн төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлийн уялдаан дээр нэг зүйлийг онцолмоор байна. Хуулинд төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын төсвийг боловсруулна гэсэн заалт байгаа. Нийцүүлнэ гэдэг дотор улсын төсвийн зарлага баталж өгсөн Төсвийн хүрээний мэдэгдлийн зарлагын хүрээн дотор, гэхдээ яг тэр тоо хэмжээнээс бага байгаа. Өөрөөр хэлбэл, зардлыг илүү танасан, тэвчиж болох зардлыг тэвчинэ, улсын төсвийн хөөсийг арилгана гэж бодлогоо тодорхойлсон.
-Улсын төсвийн орлого бүрдүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж чадаагүйгээс 1.5 тэрбумаар орлого тасалдаж, төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн. Үүнд Сангийн сайд таныг буруутай гэж үзэж байгаа?
-2013 оны төсвийн орлого юунаас болоод тасалдсан бэ гэдэг дээр бид анализ хийж, дүгнэлтээ танилцууллаа. Ер нь эдийн засгийн өсөлт маань бидний тооцож байсан хэмжээнд хүрсэнгүй. Үүнд гадаад, дотоодын нөхцөл байдал нөлөөллөө. Эдийн засгийн нийт өсөлтийн хэмжээ хүрэхгүй байх нь төсвийн тэнцвэр алдагдахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл. Нөгөө талаас уул уурхайн салбарын нөлөө их байлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бидний анх төсөөлж байснаас доогуур байсан. Нөгөө талаар экспортод гаргах хэмжээ буурсан. 30 гаруй сая тонн нүүрс гаргана гэж тооцсон ч 70-80 хувийг нь гаргасан байх жишээтэй. Ингээд үйлдвэрлэсэн болон экспортод гаргасан хэмжээ буурснаар төсвийн орлого тасалдлаа. Гурав дахь үндсэн шалтгаан бол импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан болон уул уурхайд бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсантай шууд холбоотой. үүнийг дагаад импортын бүтээгдэхүүнээс авдаг орлогын төлөвлөгөө тасалдахад хүрчихлээ. Дараагийн нэг том хүчин зүйл нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 орчим тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч энэ гэрээ хэлцэл өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Хэлэлцээ дуусаагүй учраас татвар авах асуудал шийдэгдээгүй. Ингээд үзэхэд нийт тасалдаж буй орлогын 90 орчим хувь нь шууд бидний хамааралтай үйл ажиллагаанаас болоогүй. Мэдээж орлого бүрдүүлдэг Сангийн яам, татвар, Гаалийн ерөнхий газартай холбоотой тасалдал бий. Энэ шалтгааныг харгалзаад УИХ төсвийн тодотголыг баталж өгсөн. Хамгийн гол нь хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангахад анхаарч бололцоотой арга хэмжээг авч ажиллаж байна.
-Дээрх үндэслэлүүдийг хангалтгүй гэж та үзэж байна гэж ойлгож болох уу?
-Тавьж байгаа үндэслэлд бид нэг бүрчлэн тайлбар гаргаж өглөө. Энд шууд хууль зөрчсөн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тайлбар өгнө гэдэг цаанаа шийдвэр гарч байна гэсэн үг. Нэгэнт хуулийн үндэслэл тогтоогдоогүй учраас сайд нарыг огцруулах талаар шийдвэр гарахгүй гэж ойлгож болно.
-Самурай бонд гаргасан гэж Блүүмбэрг мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Самурай бондыг борлуулах асуудлыг бид маш идэвхитэй хөөцөлдөж байгаа. Гэрээ хийх, тохиролцох шатандаа явж байна. Энэ асуудал ойрын үед шийдэгдэнэ.