-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахын ач холбогдол юу вэ?
-УИХ-аас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль”-ийг 2010 онд баталсан байдаг. Хууль 2011 оны нэгдгээр сарын 1-нээс хэрэгжсэн боловч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрхийг анх удаа олголоо. 328 тэрбум төгрөгийн үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж авлаа. Ингэснээр хоёр дахь зах зээлээс урт хугацааны эх үүсвэрийг бий болгох ач холбогдолтой. Үнэт цаасны анхдагч зах зээл бол манайд хэдийнэ үүссэн. Харин хоёрдогч зах зээл үнэт цаасаар дамжин хэрэгжих орчин бүрэлдэх эхлэлийг “МИК Актив Нэг” компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт болж байгаа юм.
-“Монголын ипотекийн корпораци” ХХК өмнө нь ийм хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байсан уу?
– Хуулиар бол арилжааны банкуудад моргейжийн зээлээ багцлаад энэ төрлийн үнэт цаас гаргах эрх нь нээлттэй. “Монголын ипотекийн корпораци” ХХК-ийг 2006 онд Монголбанк болон арилжааны банкууд хамтран байгуулсан байдаг. Арилжааны банкууд моргейжийн зээлээ МИК-т шилжүүлээд, МИК түүнийг нь үнэт цаасжуулаад зах зээлд гаргаж байсан туршлага бий. 2008 онд 6,3 тэрбум төгрөгний хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байсан. Одоо уг үнэт цаасны үлдэгдэл байхгүй. Харин энэ удаагийнх хэмжээний хувьд болоод хууль батлагдсанаас хойшхи анхны тохиолдол төдийгүй хугацааны хувьд урт байх /20 жил/ юм.
-МИК иргэдийн авсан найман хувийн зээлийг багцлан үнэт цаас болгож буйн зорилго юу юм бэ?
-Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж буйн гол зорилго нь урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бий болгох юм. Ингэснээр зээлийн эх үүсвэрийн хугацааг уртасгаж, хүүг бууруулдаг жишиг барууны улс орнуудад бий. Манай улсын хувьд хууль нь батлагдсан ч хэрэгжиж эхлээгүй байсан юм.
-Тэрхүү эх үүсвэрийг эргүүлээд моргейжид зориулах уу?
-Үнэт цаас борлуулснаас олсон орлого, эх үүсвэрийг чухам юунд зарцуулахыг үнэт цаас гаргагч өөрөө шийдвэрлэнэ.
-Худалдан авагчийн хувьд зөвхөн арилжааны банкууд байх юм уу?
-Эхний 328 тэрбум төгрөгийн үнэт цаасны хувьд Монголбанк, арилжааны банк гэсэн хоёрхон худалдан авагч байх юм. Хаалттай хүрээнд гарч буй үнэт цаас учир ийн хязгаарлагдмал байгаа. Одоогоор бусад санхүүгийн компаниуд оролцох боломжгүй юм гэлээ.