“Гоо CАРНАЙ-2013” наадам
Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “ГОО САРНАЙ-2013” наадам өнгөрсөн баасан гарагт буюу 12 сарын 13-нд боллоо. Бүсгүй хүний хатан ухаанаар урагш тэмүүлж буй энэ байгууллага салбар салбартаа сайн сайхныг түгээгч бүсгүйчүүдээ жил бүр тодруулж, ажил үйлсийг нь алдаршуулдаг уламжлалтай.
НАМЭХ-ны даргаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг хэмээх эмэгтэй ажилладаг. Зарим хүн эх дэлхийгээ хайрлах үйлсэд иргэдийг уриалж буй “Ногоон ном” бүтээлээр нь түүнтэй танилцаад амжсан байх.
Энэ ертөнцийн гэрэл гэгээтэй, гоо сайхан бүхнийг бүсгүй хүнтэй зүйрлүүлдэг билээ. Ингээд нийгэмд сайн сайхан бүхнийг түгээгч бүсгүйчүүдээ цэцэг цэцгийн “хатан хаан” сарнайтай зүйрлэсэн уг наадмын энэ жилийн шилдгүүдийг танилцуулъя.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЭЛЧ:
Э.Ариунцацрал: Шастины Төв 3-р эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн их эмч тэрээр хэдий нас залуу ч олон зуун зүрхний хүнд өвчтэй хүүхдүүдийг өвчнөөсөө салж, аз жаргалтай амьдрах замд нь хөтөлсөн буянтан.
УРЛАГИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ:
У.Уранчимэг: МУГЖ, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны продюсер,
Тус кино энэ жилийн хамгийн олон үзэгчтэй бөгөөд хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан найруулга, зохиол, жүжигчдийн чадвар гээд бүхий л талаараа үзэгчдээ байлдан дагуулсан шилдэг бүтээл болсон билээ.
ЭРҮҮЛ ЭНХИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ:
А.Цогцэцэг: Анагаах Ухааны доктор бөгөөд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал. Тэрээр анагаах ухааны салбарт олон судалгааны ажил хийж, өөрийн салбартаа шинэ дэвшилтэт зүйлс нэвтрүүлж чадсан нэгэн.
ШИЛДЭГ БИЗНЕС ЭМЭГТЭЙ:
Д.Баасанжаргал: “Магнолиа” ХХК-ий ерөнхий захирал
АНУ-н “Вержиниа тех”-ийн их сургуульд суралцаж байхдаа анхны монгол эзэнтэй монгол ажилчидтай “Магнолиа” компаниа байгуулж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Улмаар импортын бизнесээ өргөжүүлж АНУ, Энэтхэг, Түвд, Непал, Хятад зэрэг орноос бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Бүтээгдэхүүнүүдээ өөрийн салбаруудаар дамжуулан худалдаалдаг. Тэрээр дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжин 18 аймгийн ард иргэд өөрсдөө лангууны ард зогсон үйлчилгээ явуулах боломжтой хүнсний зах барих ажлыг санаачилан хэрэгжүүлж эхлээд байна.
ЭКО ЭЛЧ ЭМЭГТЭЙ
МУСТА хийлч Дэлгэрцэцэг
Олон гайхалтай уран бүтээл туурвидаг тэрээр 2011 онд эгэл бус эрхэмсэг хэмээн “Гайхмаараа” тоглолт, мөн “Газар амирлуулах уянга” нэртэй бие даасан тоглолтуудаараа БОАЖЯ-наас “Эко элч” хэмээх хүндтэй өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд өөрийн уран бүтээлээ дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг иргэдээ оролцохыг уриалж олон арван бүтээл туурвиж буй нэгэн.
БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙ
Маркетингийн холбооны гүйцэтгэх захирал Ж. Золзаяа
Зохион байгуулсан ажлуудаас:
- “Business update” арга хэмжээг YMC менежментийн зөвлөх компаний санаачлагаар зохион байгуулсан
- МУ-ын хэмжээнд жил бүрийн 10 сарын 20-нд “Маркетеруудын өдөр” –той болж “Маркетеруудын Анхдугаар Чуулган” хийж, маркетеруудыг нэгтгэсэн
- Хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудын “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсэгэлэн яармаг” гэх мэт маш олон ажлуудын санаачлан зохион байгуулдаг цаг минут бүрт шинийг санаачлан түүнийгээ өөрөө гардан бүтээгч хөдөлмөрч эмэгтэй юм.
ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ
Шинэ үе продакшины жүжигчин ,“Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн
МУСТА Г. Ундармаа
Жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд Улсын клиникийн төв эмнэлэгийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууссан. Энэ удаа УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 88,963,033 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ.
НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ЭЛЧ ЭМЭГТЭЙ:
“Тархан Суурьшсан Монголчууд” ТББ-ын Тэргүүн, “TASAM” төслийн удирдагч Цэрэндоржийн Санчир нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудыг судлан сурвалжилж, эх түүх, элэг нэгтнүүдийнхээ талаар олон чухал баримтуудыг нийтэд толилуулах үйлсэд залуу нас, хөрөнгө мөнгө, авьяас чадвараа бүрэн зориулж яваа залуу эрдэмтэн юм
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ
UBS TV-ын UBS-music хөгжмийн сувгийн ерөнхий редактор, сэтгүүлч, хөтлөгч Пүрэвдоржийн Одгэрэл
П.Одгэрэл нь телевизийн салбарт хөтлөгч, редактораар 9 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр UBS телевизийн UBS music хөгжмийн сувагт 2003 оноос эхлэн хөтлөгч, редактораар ажиллаж, энэ хугацаанд монголын рок поп хөгжмийн урлагийн талаар хүүхэд залууст танин мэдэхүйн ач холбогдолтой олон арван нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэж байсан.
2013 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРГИЙН НАМЭХ
Нийслэлийн НАМЭХ нь жил бүр шилдэг дүүргийн НАМЭХ-оо шалгаруулдаг уламжлалтай. Ийнхүү 2013 оны шилдэг дүүргээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн НАМЭХ тодорч ажил үйлс, амжилтаараа тэргүүлэн шилдэг дүүргээр тодорлоо.
Мөн жил бүрийн ГОО САРНАЙ ёслолын ажиллагаа нэгэн бүтээлч үйл ажиллагааг санаачлан өрнүүлдэг бөгөөд “ГОО САРНАЙ 2013” наадмын бүтээлч ажил нь эмзэг бүлгийн хүүхэд багачууд сурч хүмүүждэг Сүхбаатар дүүргийн 24-р цэцэрлэгт хүүхдүүдэд зориулан үлгэрийн ном, зурагт ном болон сургамжит өгүүллэгийн номууд бүхий номын танхим тохижуулж, LED телевиз бэлэглэн сургамжит өгүүллэгийн цуврал “Сайхан түүхүүд”-ийг хүүхэд багачуудынхаа хүмүүжил, боловсролд хөрөнгө оруулалт болгох зорилгоор нийгэмдээ чиглэсэн бүтээлч ажлыг зохион байгууллаа.
Үүний зэрэгцээ ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт зочдын дунд сугалааны тохирол явуулж супер шагналд нь нэг жилийн хүүхдийн цэцэрлэгийн эрхийн бичиг бэлэглэсэн. Энэхүү эрхийн бичгийн Баянгол дүүргийн “Титэм ордон” хүүхдийн цэцэрлэгт хүүхдээ бүтэн жил үнэ төлбөргүй хүмүүжих эрхтэй болсон юм.