
Энэтхэгт энэ дэлхийн хамгийн хачирхалтай ажлуудын нэгийг эрхэлдэг хүмүүс байдаг гэнэ. Тэр нь жуулчдад үргэж ниссэн шувууг барьж авчрах үндсэн үүрэгтэй ажил юм байна. Мэдээж ийм сонирхолтой ажил байгаа нь жуулчдын сонирхлыг ч ихээр татдаг аж. Манай улсын хувьд хачирхалтай бөгөөд их мөнгө олж болох ажлын байрыг бий болгох боломж өвөл, зуны аль алинд нь бий. Шувуу баригчийн тухай уншингаа 12 давхарын цонхоор харж суухдаа бодож олсон ажил маань “утаа сонирхуулагч”. Монгол Улс агаарын бохирдлоор дэлхийд толгой цохиж байна. Нэгэнт утаагаа арилгаж чадахгүй байгаа юм чинь зүгээр хараад толгой сэгсэрч суухын оронд бизнес хийвэл харин ч ашигтай. Тухайлбал, Монголд өвлийн улиралд ирсэн жуулчдад зориулсан утаатай танилцуулах аялалыг нийслэлд зохион байгуулах хэрэгтэй. Чингис хаан олон улсын нисэх буудалд буусан гадаадын жуулчдыг тосч аваад хотын төв рүү орох замд нь нийслэлийн утааны талаар танилцуулга хийхээс энэ ажил эхэлнэ. Тэгээд Нисэх, Яармагийн утаа хотын төвийнхийг бодвол харьцангуй бага, хотын төвд утаанаас болж нэг алхмын цаадах зүйл харагддаггүй гэдгийг хэлбэл жуулчдын ам нь ангайх болно. За тэгээд, хотод ирмэгц нь Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол, Зуун айл орчимд өдөржин суунагладаг утааг нүдээр харуулж, үнэрлүүлэх хэрэгтэй. Утааг дээрээс нь харахад, дотор нь ороод үнэрлэхэд ямар байдгийг хотын төвийн хаа сайгүй явж мэдрүүлээрэй. Хамгийн сүүлд нь манай төр засгийн удирдлагууд, баячуудын амьдардаг Зайсангийн орчмоос утаа хэрхэн харагддагийг үзүүлэх хэрэгтэй. Жуулчид утаатай газраар дагуулаад яваад байхаар “Миний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм биш биз” гэж болгоомжилж магадгүй. Тэгвэл нь “Манай нийслэл утаа ихтэй нь үнэн. Гэхдээ энэ утаа бараг хоргүй. УИХ-ын гишүүн эмэгтэй хүртэл хоргүй гэдгийг баталсан. Нүдэнд харагдаж, үнэртэж байгаа ч айх зүйл байхгүй” гэдгийг л сайн ойлгуулах хэрэгтэй дээ. Өдөр шөнөгүй суунагладаг, хамар ам хорсгодог хэрнээ хоргүй утаан дунд Улаанбаатарчууд амьдардаг гэхээр гадны жуулчдын ам нь ангайна даа, ангайна.
Т.УРАНГЭРЭЛ Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
