Их эвсэл Засгийн газраа бүрдүүлж чадлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Их эвсэл Засгийн газраа бүрдүүлж чадлаа

Германы эрх баригч эвсэл Засгийн газраа бүрэн бүрдүүлж чадлаа. “Focus” сэтгүүлийн мэдээлснээр Германы социал-демократ нам (ГСДН)-ын тэргүүн Зигмар Габриэль дэд канцлер болжээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд ГСДН болон Христийн ардчилсан холбоо(ХАХ), Христийн нийгмийн холбоо (ХНХ) блокоос бүрдсэн эрх баригч эвслийн төлөөлөгчид орлоо. Тус эвслийн байгуулсан зөвшилцлөөр Ангела Меркель канцлерийн суудлаа хадгалж үлдэх бөгөөд Зигмар Габриэль дэд канцлераас гадна Эдийн засгийн сайдын суудлыг авчээ. Шинэ Засгийн газар өнөөдөр тангаргаа өргөнө. Яриа хэлэлцээрийн үр дүнд ГСДН өөр таван яамыг мэдэлдээ авсан байна. Ням гаригт тус намаас хийсэн мэдээлэлд дурьдсанаар Франк-Вальтер Штайнмайер Гадаад хэргийн яамыг толгойлох болжээ. Тэрбээр 2005-2009 онд энэ албыг хашиж байсан аж. Хууль зүйн сайдаар Хайко Маас томилогдсон бол Мануэла Швезиг Гэр бүлийн асуудал эрхэлсэн, Андреа Налес Хөдөлмөрийн, Барбара Хендрикс Байгаль орчныг хамгаалах яамыг тус тус тэргүүлнэ.

Харин найман сайд ХАХ/ХНХ блокийг Засгийн газарт төлөөлөх болжээ. Одоогоор томилгоог албан ёсоор зарлаагүй байгаа ч Германы сэтгүүлчид шинэ сайд нарын нэрийг мэдээд амжжээ. Хөдөлмөрийн сайд байсан Урсула фон дер Ляйенийг Батлан хамгаалахын тэргүүн болгох гэж байгаа нь хамгийн хачирхалтай томилгоо гэж “Sueddeutsche Zeitung” сонин онцоллоо. Тэрбээр энэ улсын түүхэнд Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд болох юм. Харин тус яамыг тэргүүлж байсан Томас де Мезьер Хөдөө аж ахуйн яаманд очиж буй Дотоод хэргийн сайд Ханс-Петер Фридрихийн албан тушаалыг хүлээн авна. Вольфганг Шойбле Сангийн яамыг толгойлсон хэвээр үлдэж, Моника Грюттерс Соёлын, Александр Добриндт Зам тээврийн сайдаар томилогдлоо.

ХАХ/ХНХ болон ГСДН-ийн эвслийн яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараа шууд эхэлсэн. Христийн ардчилагчид энэхүү сонгуульд сонгогчдын 41 хувийн саналыг авснаар үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй юм. ГСДН нам ч өөрийн түүхэндээ хамгийн муу амжилтаа үзүүлж дөнгөж 25 хувийн дэмжлэгийг авчээ.

ХАХ/ХНХ блокийн авсан санал бие даан Засгийн газраа байгуулахад хангалтгүй байлаа. Түүнчлэн өмнө нь эвсэж байсан Чөлөөт ардчилсан нам таван хувийн босгыг давж чадаагүй юм. Иймээс христийн ардчилагчид социал-демократуудтай эвсэл байгуулахаас өөр аргагүй болжээ.

ХАХ/ХНХ болон ГСДН намын “их эвсэл” өмнө нь 2005-2009 онд Германыг удирдаж байсан юм. Тухайн үед Засгийн газрыг мөн л Меркель тэргүүлж, харин Штайнмайер дэд канцлер байжээ. Их эвслийн байгуулсан хамгийн гол гавьяа нь 2008 онд дэлхий нийтэд нүүрлэсэн санхүүгийн хямралын эсрэг амжилттай арга хэмжээ авсан гэж үздэг.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж