Францын Ерөнхийлөгч Сочигийн олимпт очихгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгч Сочигийн олимпт очихгүй

Ерөнхийлөгч Франсуа Оллан­дыг оролцуулаад Францын төр, засгийн өндөр албан тушаалын ямар ч төлөөлөгч Сочид болох өвлийн олимпын наадамд ирэхгүй гэж тус улсын ГХ-ийн сайд Лоран Фабиус мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Францын нэгэн радиод өг­сөн ярилцлагадаа мэдэгдсэн бо­ловч ийм шийдвэр гаргах болсон шалтгааны талаар илүү тодорхой зүйлийг яриагүй аж.

ОХУ-д насанд хүрээгүй  хү­мүүст уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчлахыг хориг­лосон хууль баталсан нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж үзсэн хүний эрхийг хамгаалагчид зарим улс орнуудын удир­дагчдад өвлийн олимпийг бой­котлох уриалга гар­гаад байгаа. Франц улсын төрийн тэргүүн ч энэ санаачилгыг дэмжиж байгаа нь энэ ажээ.

Бойкотын давалгаа

Франсуа Оллан­даас гадна өнгөрсөн долоо хоногт Гер­маны Ерөнхийлөгч Йоахим Гаук Сочид болох олимпт очихгүй гэдгээ Оросын эрх баригчдад мэ­дэгдсэн юм. Үүнээс өмнө Европын хол­бооны дэд ерөнхийлөгч Вивиан Рединг бэлгийн цөөнхтэй холбоо­той Оро­сын хууль тогтоомжоос болж мөн адил ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр “Оросын хууль тогтоомж бэлгийн цөөнхөд зохих ёсны дагуу ханддаг болтол би Сочид очихгүй” гэж өөрийн twitter хуудсандаа бичсэн байна.

Түүнчлэн энэ зун Английн зохиолч, жүжигчин Стивен Фрай Сочигийн наадмыг бойкотлохыг уриалж, энэ тоглолтыг 1936 оны Гитлерийн Германы зохион бай­гуулсан олимптой зүйрлэжээ. Гэх­дээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ санааг дэм­жээгүй юм. Тэрбээр бэлгийн цөөнхийн асууд­лаар Оросын баримталж буй бодлогод санаа зовж буйтай санал нэгдэж байгаа ч өөр арга замаар үүнтэй тэмцэх боломжтой гэж мэдэгджээ.

“Ижил хүйтснүүд тухтай байх болно”

Олимпын наадмыг дээд хэм­жээнд зохион байгуулахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийн нэр хүндээ дэнсэн дээр тавилаа гэж шинжээчид дүгнэж байна. Тод­руулбал, тэрбээр олимпын бүх обьектуудыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулж, “улс үндэстэн, арьс өнгө, бэлгийн чиг хандлагаас үл хамааран” оролцогчид болон зочид ая тухтай байх болно гэдгийг амлажээ.

Орост өнгөрсөн зун баталсан насанд хүрээгүйчүүдийн дунд ижил хүйстнүүдийн сурталчилгаа явуулахыг хориглосон хууль ба­рууныхны зүгээс хурц шүүмж­лэлтэй тулгарсан. Тэр ч бүү хэл орос архинаас авахуулаад Сочид болох өвлийн олимпын наадамд хориг тавихыг уриалж байсан юм. Гэхдээ энэ хууль нь олимпын хартийг зөрчөөгүй гэж ОУОХ мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт газ­рын теннисний домог Мартина Навратилова ОУОХ-г бэлгийн цөөн­хийн эрхийг анхаарч үзэхгүй байна гэж буруушаалаа. Тэрбээр ОУОХ энэ асуудалд яг л “элсэнд толгойгоо нуусан” тэмээн хяруул шиг хандаж байна гэжээ.

Оросын Засгийн газар зур­га­дугаар сард баталсан “гей сур­тал­чилгаа”-ны талаарх хууль олим­пын наадмын оролцогчид болон үзэгдчийн эрх ашигийг огтхон ч хөндөхгүй гэдгийг бат­ламжилсан захидлыг ОУОХ-нд илгээсэн бай­на. Гэсэн хэдий ч 1981 онд өөрийн бэлгийн чиг хандлагаа ил тодоор зарласан Навратиловагийн хувьд энэ нь хангалтгүй байгаа бололтой. “Спорт, улс төр хоёрыг хольж болохгүй гэж ярьдаг. Гэвч одоо болж буй үйл явдал үүний эсрэг байна” гэж 57 настай теннисчин мэдэгджээ.

Б.МИШЭЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж