2014 онд Оюутолгой ХХК 150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700- 750 мянган унц алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Үйл ажиллагааны мөнгөн зардал нь нэг тэрбум орчим ам.доллар, хөрөнгө оруулалтын зардал нь 160 сая ам.доллар байхаас 80 сая орчим ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх төлөвтэй байна. 2014 онд Оюутолгой өмнө нь үйлдвэрлээд борлуулахад бэлэн байгаа бүтээгдэхүүнээ эхэлж худалдах бодлого баримтлахаас гадна үйлдвэрлэлээ 4-6 долоо хоногт багтаан хэвийн хэмжээнд хүргэн жигдрүүлэхийг зорьж байна.
Рио Тинто 2013 оны дөрөвдүгээр сарын 17-нд арилжааны 15 банктай Оюутолгой төслийн санхүүжилтийн хэмжээ, нөхцлийг ярьж тохирсон зээлийн баталгаанд гарын үсэг зурсан гэж Туркойз Хилл олон нийтэд мэдээлсэн билээ. Энэхүү зээлийн баталгааны хүчинтэй хугацааг 2014 оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгасан гэж Рио Тинтод дээрх 15 арилжааны банкууд мэдэгджээ. Оюутолгой төслийн санхүүжилтийг Монголын Засгийн газрын дэмжлэгтэйгээр босгохын төлөө "Туркойз Хилл", "Рио Тинто" хоёр анхааран ажиллаж байна. Талууд хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгах, төслийн санхүүжилт, гэрчилгээ, зөвшөөрөл авах зэрэг хувь нийлүүлэгчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, далд уурхайг дахин эхлүүлэхэд шаардагдах арга хэмжээг авах зэрэг асуудлыг шийдвэрлэх эрмэлзэл дүүрэн байна. ТЭЗҮ-г 2014 оны нэгдүгээр хагаст багтаан боловсруулж дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж "Туркойз Хилл" Канадын Ванкувер хотноо мэдээлжээ.