Хотын хогийг хаях уу, “чулуу” болгох уу

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Хотын хогийг хаях уу, “чулуу” болгох уу

Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй хол­боотойгоор гарах өөрчлөлтийн сайн мууг бид биеэрээ амсч буй болохоор хэлэх нь илүүц хэрэг. Үүний нэг нь хог хаягдлын хэмжээ жилээс жилд хур болон зузаарч буй үзүүлэлт. Нийслэлийн хүрээ­лэн буй орчныг бохирдуулж байна, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөв хэмээн хашгирхаас өөрөөр гар хумхин сууж болохгүйг амьдрал тулгаж байна. Ямар ч айлд хоймроо шүүрддэг, гэрээ цэвэр­лэдэг уламжлал байдаг хойно ма­най нийслэлийн хэмжээнд энэ ажлыг үл тоомсорлон хаячихгүй байгаа. Дэлхийн хотуудын эгнээнд Улаанбаатар маань хэдийнэ нэгдэн ороод байгаа болохоор арай өөрөөр сэтгэж, бодлого боловсруулан хэ­рэгжүүлэх нь мэдээжийн асуудал. Энэ нь хог гэж чухам юу вэ гэдгийг  ойлгохоос эхлэх ёстой. Хогийг шууд хаягдал гэдэг утгаар нь ойл­гоод хэвшчихсэн зангаасаа бид салахад нэг их хэцүү биш. Хогийг баялаг болгон хувиргаж болно. Дахин боловсруулж хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн бий болгоно хэмээх нь дундад зууны үеийн  европын алхимичдээс арай бодитой, үнэм­шилтэй болоод буйг нийслэлээс явуулж буй бодлого, хэрэгжилтийг сөхөж үзэхэд тодорхой харагдана. Тэр алхимичид гээч нөхдүүд шороо, чулууг алт болгон хувиргах “ажил” дээр амьдралаа үрсэн нөхдүүд л дээ. Өдгөө дэлхийн том хотуудын хог хаягдлыг дахин боловсруулж баялаг болгон хувиргаж, олон түмний хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн болгон нийлүүлсэн олон арван тэрбумтан, компани байдгийг бид цахим ертөнцийг ухаад төвөггүй мэдэж болно. Тэдний туршлагыг ч халуунаар бөөцийлөөд авахад гэмгүй. Нүүдэлчин монголчууд нэг жилийн дотор дор хаяж 10, дээд тал нь 20-40 нүүдэл хийж, бууриа сэлгэн ирсэн. Гэхдээ хогоо зүгээр нэг үүдээр гаргаад байхгүй. Хот айлынхаа, жимбийтэл цэвэрлэсэн буудлынхаа зүүн урагш  зэрэг тодорхой зүгт дал­далж булахуйц маягаар зөөн аваач­дагийг мэдэх хүн олон. Ха­рин бидний амьдралд суурьшил нэвтэрсний хэрээр ха­шааны сэт­гэхүйтэй болчихсон. Ма­най ха­шаанаас гадуур байвал юун хамаа вэ гэсэн маягаар хог, угаадсаа гу­дамжинд хээв нэг хаяцгаана. Ийм сэтгэхүйгээсээ болоод монгол үндэстэн дорой яваа нь түүхээс харагддаг. Үйлийн үрээ эдэлж яваа үндэстэн ч гэмээр. Тархин доторх хогийг нь цэвэрлэж өгөөч гэж бурханаас гуйгаад суумааргүй л байна. Энэхүү улиглал, халаглалаа хойш тавиад Улаанбаатар хотын хог хаягдлыг хэрхдэг талаар өнгийж нэг үзье. Бидний мэддэг Нарангийн энгэр, Морингийн да­ваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тонн ахуйн хаягдлыг хүлээн авдаг ажээ. Дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр ландфил технологийн дагуу ч хийж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хо­тын хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон заа­сан нь бий. Энэ дагуу хоёроос доошгүй хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Хотоос гарч байгаа хог хаягдлын “ам бүл”-ээс хамгийн их үүсч овоорч, орчныг бохирдуулж байгааг нь боловсруулж ашиглахыг хэлээд байна. Цаас, гялгар уут, хуванцар, үнс, барилгын хог, хүнсний хог гээд үргэлжилнэ. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гарч байгаа хог хаягдлын хэмжээг багасгах, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх” санал ирүүлэхийг өнгөрсөн хавар нийс­лэлийн зүгээс олон түмэнд уриал­сан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн би­лээ. Тухайлбал цаас, хуванцар, гялгар уут боловсруулах үйлдвэр байгуулах санал тав, шатаах болон пиролизын аргаар хог боловсруулах үйлдвэр найм, барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр тав, хог ангилан ялгах цех байгуулах хоёр санал ирсэн байх жишээтэй. Энэ тал дээр ирээдүй буйг харуулж байна. Хог боловсруулах үйлдвэрүүдийн төслийн танилцуулга, үнэлгээг Нийс­лэлийн удирдлагын зөвлө­лийн хурлаар хэлэлцүүлж шийд­вэрлэсэн нь үүнийг илтгэх. Эхний шатанд 15, дараагийн шатанд таван байгууллагын хаягдал цаас, барилгын хог хаягдал, хуванцар, хаягдал дугуй боловсруулах үйлд­вэрийн санал дэмжигджээ. На­рийвчлан үзвэл Нийслэлийн удирд­лагын зөвлөлийн хурлаар хаягдал цаас үйлдвэрлэх нэг, хуванцар хаягдал дахин боловсруулах хоёр үйлдвэрийн санал дэмжигдэж НИТХ-д өргөн барихаар болсон байна. Төр хувийн хэвшлийн хамт­­ран ажиллах санамж бичиг бат­лагд­санаар хог хаягдал да­хин боловсруулах үйлдвэрийг бай­гуулах ажил нь концессийн гэ­рээгээр зохицуулагдана гэсэн үг. Харин одоо Улаанбатар хотод үйл ажиллагаа явуулж буй хог боловсруулах үйлдвэрийн талаар товч өгүүлье. Хогны уутыг дахин боловсруулах чиглэлээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “ТЧМ”, “Сан-Оргиу” ХХК-иуд хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байгаа аж.

Тухайлбал тус холбоо нь төв­лөрсөн хогийн цэгүүд дээр аваачиж байгаа дахин ашиглаж болох гялгар уут болон бусад түүхий эдийг /хуванцар эдлэл/ “ТЧМ” ХХК-д нийлүүлж байна. “ТЧМ” ХХК нь хог хаягдлыг дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэр­гийг үйлдвэрлэж байгаа юм билээ. Тус компани нь Төмөр замын хэ­рэг эрхлэх газарт гэрээний дагуу 3000 ширхэг төмөр замын хориг хашааны шон, Багануур дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1000 м хашаа, Борнуурын автозамд 360  тумба, ОСНААУГ, “Атмор” ХХК-д нийт 1000 траншейны таг ний­лүүл­сэн байна. Мөн “ТЧМ” ХХК нь Улаанбаатар хотын ЗАА-ны за­хиал­гаар Энхтайвны гүүрний өг­сөж буух хэсэгт байрлуулах 400 у/м хашаа нийлүүлэх ажлын гүй­цэтгэгчээр ажиллаж буй.

“Сан Оргиу” ХХК нь энэ оны 10 дугаар сарын байдлаар 350 тн гял­гар уутыг дахин боловсруулж 350 сандал, 580 траншейны таг, 1200 гаруй төмөр замын шон, ногооны торон хашаа 8600, замын тумба, хурд сааруулагч зэргийг үйлд­вэр­лэж төр, хувийн хэвшлийн бай­гууллагуудад нийлүүлжээ. “ТЧМ” ХХК нь Сонгинохайрхан дүү­рэг, Улаанчулуутын хогийн цэгт хаягдал гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж сандал, траншейны таг, хашаа, хашааны шон, хогийн сав, автозамын тум­ба, хурд сааруулагч зэргийг үйлд­вэрлэж байна.

Багахангай дүүргийн үйлдвэр­лэлийн бүсэд “Алтан оршихуй” ХХК-д хаягдал дугуй, машины ажил­ласан тос боловсруулж дизель түлш үйлдвэрлэх зориулалтаар гурван га газрыг олгосон юм билээ. Тус байгууллагын “Ахуй мандал” үйлдвэр нь хоногт найман тонн дизель түлш үйлдвэрлэж байна. Машины ашигласан моторын то­сыг нэг литрийг 200-300 төгрөгөөр худалдан авч 600 тн тос нөөцөлж, үүнээс 100 тн тосыг дахин бо­ловс­руулж 80 мянган түлш үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрлэсэн түлшийг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бо­лон бүтээгдэхүүний чанарыг тог­тоох туршилтад хэрэглэж байгаа. Тус компани нь үйлдвэрлэж буй түлшийг өөрсдийн техник хэрэгсэл, тухайлбал таван тоннын ачааны машинд туршилтаар 1000 км-т 1000 гаруй л түлш хэрэглэсэн. Хаягдал резин, дугуйг 600 тонныг татан авч нөөцөлсөн ба резин дугуйг дахин боловсруулах цехийг ирэх онд нэмж байгуулахаар төлөвлөжээ.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “Хог хаягдал ан­гилан ялгах, боловсруулах, хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Со­лонгосын Койка Олон улсын бай­гууллагын 3.5 сая америк долларын хөрөнгө оруулалтаар 2011 оны 12 дугаар сард байгуулсан. Саяхан улсын комисс үйлдвэрийг хүлээн авч, түүнээс 40 тн буюу 50 хувийг /хуванцар, шил, металл зэргийг/ гар аргаар ангилан ялгах ба шатамхай хог /гялгар уут, цаас/-ийг ялган хоёр тн хатуу түлш /RDF/ үйлдвэрлэж үлдэгдлийг аль болох багасган дарж булах технологийн дагуу гүйцэтгэх юм.

Цагаандавааны хогийн цэг дээр гэхэд л ахуйн хог хаягдал бо­ловсруулах үйлдвэрийн тоног тө­хөөрөмжийг бүрэн нийлүүлж, ба­рилга угсралтын ажлыг хийж байна. Тус үйлдвэрийн захиалагчийн хянал­тыг Нийслэлийн хөрөнгө оруу­лалтын газраас тавьж байгаа. Ца­гаандавааны хогийн цэг дээр нохой, муурны сэг зэм шатаах зуух­ны барилга угсралтын ажлыг “Эрэлт импекс” ХХК гүйцэтгэдэг. Тус үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд хоногт агнаж буй 300-400 нохой, муурны сэг зэмийг шатаах боломж бүрдэх юм. Нохойны арьсыг гэхэд л эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Дархан нэхий” ХК-тай хамтран ажиллаж эхэлжээ. Энэ мэт дурдвал цөөнгүй жишээ бий бөгөөд хогийг хаях бус ашиглах, боловсруулах дадал бидэнд сууж буй нь сайшаалтай биш гэж үү.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж