Орон сууцны үнэ буурч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ буурч эхэллээ

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны үнэ арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар тогт­вортой байна гэж үл хөдлөх хө­рөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “UMC ALPHA” компаниас мэдээллээ. Тус байгууллагын су­далгааны албаны өгч байгаа мэ­дээллээс харвал өнгөрсөн сарын байд­лаар Улаанбаатар хотын хэм­жээнд нийт 38 мянган айлын шинэ орон сууц ашиглалтад орсон байна. Энэ жилийн хувьд ипотекийн зээ­лийн хүрээнд орон сууцны бор­луулалт өндөр байгаа юм. Өн­гөрсөн сарын байдлаар нийт ашиг­лалтад орсон орон сууцны бор­луулалт 69 хувьтай байгаа аж. Харин шинэ орон сууцны төс­лүүдийн хувьд ашиглалтад орох хугацаа нь хойшлох тусам үнэ буурах хандлагатай байгааг он­цол­сон юм. Нийт нийлүүлэгдэж байгаа төслүүдийн метр квадратын зар­ласан дундаж үнэ нь өмнөх са­рынхаас үл ялиг буюу нэг хувиар буурч хоёр сая 177 мянгад хүрсэн нь үнийн өсөлт харьцангуй саарч байгааг харуулж байна. Өнөөд­рийн байдлаар орон сууцны үнэ дүүргүүдэд хэр байгааг та­нилцуулъя.

    Баянзүрх дүүрэг

Баянзүрх дүүргийн хувьд энэ сард шинээр нийт есөн мянган ай­лын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж. Байр­ш­лаасаа шалтгаалаад үнийн хувьд харьцангуй ондоо байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Батлан хамгаалахын их сургуулийн хажууд байрлах хуучны 24 метр квадрат байр 48 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хотын төвөөрөө буюу  13 дугаар хорооллын хуучны байрны 37 метр квадрат нь 70 сая төгрөгийн үнэ ханштай байна. Харин шинээр ашиг­лалтад орж байгаа орон сууц­ны хувьд нэг метр квадрат нь 2-2,5 сая төгрөгийн хэлбэлзэлтэй байна.

    Баянгол дүүрэг

Баянгол дүүргийн хувьд хуу­чин орон сууцны үнэ өнгөрсөн долоодугаар сарынхтай харьцуу­лахад 0.3 хувиар буурсан байна. Тод­руулбал өнгөрсөн долоодугаар сард дөрөвдүгээр хороололд  нэг өрөө байр 85-90 саяын ханштай байсан бол өнөөдрийн байдлаар 75-78 сая төгрөгийн ханштай байна. Харин хоёр өрөө байр байршлаасаа шалт­гаалан 100-110 сая төгрөгийн ханштай бай­на. Тус дүүрэгт энэ сард шинээр 3000 айлын орон сууц ашиглалтад орохоор захиалгаа авч байгаа аж. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хувьд нэг метр квадрат нь 2-2.3 сая төгрөгийн ханштай байна.

    Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүрэгт хууч­ны угсармал хоёр өрөө байрны үнэ 70-75 сая төгрөгийн ханштай байна. Харин нэг өрөө хуучны байр 45-50 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ сард шинээр дөрвөн мянган айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнийн хувьд нэг метр квадрат нь сая 300 мянгаас сая 500 мянган төгрөгийн ханштай байна.

    Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүрэгт борлуулагдаж байгаа шинэ орон сууцнуудын үнэ өмнөх саруудынхаас таван хувиар буурсан гэх судалгааг мэргэжлийн байгууллагууд гар­гасан байна. Энэ нь тухайн дүүрэгт ашиглалтад орж байгаа шинэ орон сууцны тоотой холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Тухайн дүүрэгт энэ сард нийт 23 мянган айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны нэг метр квадратын үнэ ханш нэг сая 200 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн ханштай байгаа аж. Харин хуучны орон сууцны хувьд нэг өрөө байр нь 50-55 сая төгрөгийн ханштай байна.

    Сүхбаатар дүүрэг

Сүхбаатар дүүрэгт байршлаа­саа шалтгаалан хуучны нэг өрөө байр 80-85 сая төгрөгийн ханштай байна. Харин хоёр өрөө байр 120-125 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Тус дүүрэгт энэ онд шинээр нийт 3000 айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнэ нэг метр квадрат нь сая 600 мянгаас сая 700 мянган төгрөгийн ханштай байна.

    Чингэлтэй дүүрэг

Чингэлтэй дүүрэгт энэ сард нийт хоёр зуун орон сууц шинээр ашиглалтад орох аж. Ши­нээр ашиглалтад орох орон сууцны нэг метр квадрат нь хоёр сая 500 мянгаас хоёр сая 700 мянган төгрөгийн ханштай байна. Харин хуучин орон сууцны хувьд нэг өрөө нь 80-85 сая төгрөгийн үнэтэй байна.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж