Самурай бондыг дэлхийн зах зээл дээр арилжаалж эхэлсэн талаарх мэдээлэл "Блүүмберг" сайтад нийтлэгджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийсэн айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсончлон "Самурай" бондын эхний хэсгийг дэлхийн зах зээл дээр гаргаж арилжсан гэж "Блүүмберг" онцолжээ. Тэдний мэдээлснээр “30 тэрбум буюу 290 сая ам.долларын бонд гаргасан байна. Бондын хугацаа 10 жил бөгөөд 1,52 хувийн хүүтэй байх гэнэ.
Одоогийн байдлаар 290 сая ам.долларыг босгоод байгаа ч анх тохиролцсон 600 сая ам.долларт хүргэхийн тулд Самурай бондыг шинэ он гарсны дараа үргэлжлүүлэн арилжаалах юм гэдгийг бид гадаадын мэдээллийн агентлагийн бэлтгэсэн мэдээллээс л мэдэж авлаа. Харин дотоодод энэ талаарх мэдээлэл тун бүрхэг байна. Засгийн газар ч, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс ч энэ талаарх мэдээлэл өгөх цаг нь болоогүй гэж үзэж буй ажээ. Самурай бондоос босгосон хөрөнгийг юунд зарцуулах хийгээд зээлийн баталгааг Японы талаас хэрхэн гаргасан зэрэг мэдээллийн хариуг олон нийт хүлээж байгааг холбогдох яамдад дуулгахад илүүдэх юүн.
Д.ЦЭЭНЭ