&#34Зүрхний шигдээсийг лабораторийн төвшинд оношлохыг зорьж байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

&#34Зүрхний шигдээсийг лабораторийн төвшинд оношлохыг зорьж байгаа&#34

Дэлхий нийтэд тулгамдаж байдаг томоохон асуудлын нэг нь титэм судасны эмгэг. Уг эмгэгт өртөмтгий улсуудаас АНУ нэгдүгээрт ордог аж. Тус өвчнөөс сэргийлэх судалгааг Сонгдо эмнэлгийн эмч Ц.Сумъяа хийжээ. Түүний хийсэн “Титэм судасны цочмог хам шинжээс урьдчилан сэргийлэх оношлогооны шинэ биомаркерыг судалсан нь” судагааны талаар танилцуулж байна. Тэрбээр өнгөрсөн сард БШУ-ны сайд Л.Гантөмөрийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ.

-Титэм судасны эмгэг  бол дэлхий нийтэд түгээмэл то­хиолддог өвчлөлийн нэг. Тус эмгэгийн талаар хийсэн су­далгааны ач холбогдлыг та­нилцуулаач?

-Энэ судалгаагаа би 2007 оноос хойш хийсээр ирсэн. Титэм судасны эмгэгийн хам шинж, уг эмгэгийн явцад хийх хяналт болон үүнээс урьчилан сэргийлэх талын судалгааг хийсэн. Манай улсын таван хүн тутмын нэг нь энэхүү эмгэгээр нас бардаг. Манай улсад сүүлийн 15 жилийн турш титэм судасны эмгэг буюу зүрхний шигдээс нас баралтын гол шалтгаан болсон. Ер нь бол уг эмгэгээс урьдчилан сэргийлэх олон арга байдаг. Анх 1979 оноос энэхүү эмгэгийг эмчилж, эмгэгийг тодорхой хэмжээнд бууруулсаар ирсэн. Энэхүү эмгэгийг оношлох багаж хэрэгсэл, технологи сайжирч байгаа боловч эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо буурахгүй байна. Тиймээс уг өвчлөлтэй холбоотой хүндрэл, нас баралтыг бууруу­лах шаардлагатай байгаа юм. Зүрхний судас нарийсч бөглөрс­нөөр титэм судасны эмгэгээр нас барах эрсдэл үүсдэг. Үүнийг бууруулах арга замыг хайх нь гол зорилт маань юм. Мөн үүнийг лабораторийн төвшинд илрүүлэх арга замыг хайж байна. Хэрвээ ингэж чадвал хүмүүс эмгэгээ эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх бүрэн боломжтой.

-Манай улсад таван хүн тутмын нэг нь энэхүү эмгэгээр нас бардаг гэлээ. Тэгэхээр монголчууд энэ эмгэгээр өвчлөх өндөр магадлалтай хүмүүсийн тоонд орж байна гэсэн үг үү?

-Манай улсын хүн амын тухайд энэхүү өвчлөлд өртөх магадлал их байдаг. Учир нь уг эмгэг нь хүмүүсийн идэж байгаа хоол, унд амьдарч байгаа орчны уур амьсгал, стресс зэргээс ихээхэн хамааралтай байдаг. Мөн монголчууд өөх тос ихээр хэрэглэдэг нь титэм судасны эмгэгийн гол хам шинж болох зүрх, судасны хатуурлыг бий болгодог. Сүүлийн үед энэхүү өвчлөлд ахимаг насныхнаас гадна залуучууд өртөх болсон. Энэ нь нөгөө л нэг стресс, хөдөлгөөний дутагдал гэдэгтэй холбоотой. Энэ бүхэн чинь л титэм судасны эмгэг бий болоход ихээхэн нөлөө үзүүлж байна гэсэн үг.

-Судалгааны үр дүн хэр бай­сан бэ?

-Би энэхүү судалгааг дан­гаараа хийгээгүй. Мэдээж су­далгаанд тусалсан хэд хэдэн хүн бий. Миний хувьд титэм судасны эмгэгийн тохиолдлыг илүү судалсан. Ингэхдээ эмгэг нь хүндэрсэн хүн болон харьцангуй гайгүй байгаа гэж хоёр талаас нь судаллаа. Хоёр ялгаатай байдлыг харьцуулан хоорондоо хэр зэрэг ялгаатай гэдгийг гаргаж ирэхийг зорьсон. Бусад судлаачдын үр дүнтэй харьцуулахад манай ул­сын иргэдийн дунд энэхүү өвчлөл илүү хүндэрсэн байсан. Судал­гаа ингээд дуусаагүй. Цаашид ч үргэлжлэх болно.

-Титэм судасны эмгэгээр нас баралт залуужиж байна гэсэн. Манай улсад уг өвчлөл хэд орчим насныханд илүү тохиолддог юм бол?

-Артерийн судас жил ирэх тусам нарийсч, хатуурсаар үйл ажиллагааны доголдолд ордог. Иймээс гол төлөв 60-аас дээш насныханд илүү хамааралтай байдаг. Энэ нь ганц манай улсад биш гадаадын улсад нийт­лэг байдаг жишээ юм. Дээр хэл­сэнчлэн залуучууд энэ өвчлөлд өртөж буй нь гэнэт хөдөлгөөний дутагдалд орох, өөх тос хамаагүй хэрэг­лэх, эрүүл мэндээ хайхрах­гүй байгаатай талаар холбоотой. Мөн тамхины хор уршиг, агаарын бохирдлоос үүдэлтэй байдаг.

-Судалгааны үр дүнг илүү нарийвчлан гаргана гэсэн. Ин­гэхийн тулд хэдий хэр ху­гацаа шаардлагатай гэж та үзэж бай­на вэ? 

-Мэдээж залуу хүн болохоо­роо энэ талын судалгааг гадаа­дын улсуудад судална гэж бодож байна. Тэгэхээр илүү нарийвч­лан судлахад тодорхой хугацаа шаардагдана байх.

-Биомаркер гэдэг нь су­дал­гаатай ямар хамааралтай юм бэ?

-Энэ нь тухайн өвчлөлийг хүндрэхээс өмнө лабораторийн аргаар хэрхэн бууруулж болох вэ гэдгийг судлах юм. Үүнийг тодруулбал, титэм судасны эм­гэгээс урьдчилан сэргийлэхийн тулд шинэ аргыг гарган ирэх юм.

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж