“Алтай” хотхон иргэдийг залилжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

“Алтай” хотхон иргэдийг залилжээ

-Компаниуд орон сууцныхаа нэг м/кв-ын хэмжээнээс зөрүү гаргаж, иргэдийг хохироож байна-

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох мэргэжлийн холбоод, байгууллагуудтай хамтран орон сууцны нэг метр квадрат талбайн асуудалд шалгалт хийж байна. Барилгын салбар энэ жил огцом идэвхжиж буй бөгөөд компаниуд орон сууцныхаа нэг м/кв-ын хэмжээг буруу тодорхойлж, иргэдийг хууран мэхлэх зөрчил гарч байгаа тухай иргэдийн гомдол тасрахаа больжээ. Өөрөөр хэлбэл, 50 м/кв хэмжээтэй орон сууц гэдгээр худалдан авч төлбөрөө хийсэн атал бодит байдал дээр энэ хэмжээндээ хүрэхгүй, иргэдийг хохироосоор байна. Ийм зөрчлийн талаарх мэдээлэл ШӨХТГ-т нэг өдөртөө 80-100 удаа ирэх болсон тул ийнхүү шалгалт хийх болжээ. Шалгалтаар одоогийн байдлаар “Ти Ди Си”, “Макс өргөө”, “Корей таун” компаниудын зөрчлийг илрүүлсэн бөгөөд тус компаниуд иргэдийн хохирлыг барагдуулжээ. Мөн  “Тайгам Алтай” компанийн “Алтай” хотхон дээд тал нь найман м/кв-ын зөрүү гаргасныг илрүүлсэн байна.

Шалгалтын талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Дэд дарга А.Ариунболдоос тодрууллаа.

-Шалгалтад хэдэн компанийг хамруулж байна вэ. Үйл явц ямар байгаа вэ?

-Шалгалтыг удирдамжид заасны дагуу нэр дурдсан компаниуд болон иргэдийн ирүүлсэн гомдол дээр тулгуурлан нийт 10-аад компанид явуулж байна. Энэ барилгууд нь бүгд ашиглалтад орсон. Одоогоор шалгалтаар илрүүлэн тогтоосон зөрчлийг эзэн холбогдогчтой нь шууд хариуцлага тооцох, иргэдийн хохирлыг барагдуулах байдлаар арга хэмжээ авч байна.

-Шалгалт хэзээ дуусч, албан ёсоор мэдэгдэх вэ?

-Удирдамжийн дагуу 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Одоо дуусах дөхөж байгаа.

-Барилгын компаниуд орон сууцныхаа нэг м/кв-аас зөрүү гаргаж, иргэдийг хохироож байгааг тогтоосон бол хэрхэн хариуцлага тооцох вэ?

-Зөрчилтэйг тогтоосон тохиолдолд барилгын компаниудад хуулийн дагуу арга хэмжээ авч, тохирох торгуулийг ногдуулна. Мөн хамгийн гол нь компаниудыг торгоод өнгөрөхдөө биш. Иргэдийн хохирлыг барагдуулахад анхаарах юм. Тиймээс зөрчилтэй компаниуд дутаасан м/кв-даа тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг иргэдэд олгох ёстой гэх байдлаар хариуцлага  тооцно.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж