Сайд нарын асуудлаар гишүүд ингэж ярив

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Сайд нарын асуудлаар гишүүд ингэж ярив

Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай асуудлаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэе.

МАН-аас эдийн засагт үүссэн хүнд нөхцөл байдлыг Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой хэмээн үзэж, өчигдөр /XII.16/ дээрхи хоёр сайдыг огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм. Энэ асуудлаар өнөөдөр "Шударга ёс" эвсэл, Ардчилсан намын бүлгүүд хурал зарлаад байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хоёр сайдыг огцруулах хүсэлтэд би гарын үсэг зурсан. Ажилд хандах хандлагада өөрчлөлт гаргах ёстой гэж би үздэг. Өнгөрсөн жил дөрвөн сарын хугацаанд МАН-ын зүгээс хангалттай шаардлага тавьсан. Дотроо хариуцлага тооц, ажлын хариуцлагаа тооц,  улс орны эдийн засгийн байдал хүндрээд байна. Харамсалтай нь эрх баригчид дүгнэлт хий чадсангүй. бүх зүйл сайхан болж байна, шинэчлэгдэж  байна гэсэн ард түмний тархийг угаасан пи-ар хийсээр байгаад улс орныг элгээр нь мөлхүүлчихлээ. Ийм үед энэ салбарыг хариуцаж байгаа хоёр сайдтай энэ Засгийн газар хариуцлага тооцож чадахгүй бол бид шаардлагаа тавиахаас өөр аргагүй байдалд хүрсэн. 

Хэрэв ёсзүйтэй,  ам ажлын нэгдэл нь таарч байга эсэхийг энэ хоёр сайдад хариуцлага тооцох дээр харагдана, үүнийг Монголын ард түмэн харж байгаа. Өөрсдийн алдаа оноондоо хариуцлагатай дүгнэлт хийж чаддаг бол АН энэ хоёр сайддаа хариуцлага тооцох ёстой.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Хоёр сайдыг огцруулах талаар тавьсан үндэслэлтэй танилцсан.  Хэрэв хариуцлага ярьж байгаа бол 76 гишүүнийг бүгдийг нь огцруулах хэрэгтэй.  УИХ, Засгийн газар нь огцрох ёстой.

Гэхдээ ингэлээ гээд ажил урагш явах болов уу даа. Бид өнөөдөр их том салаа замын уулзвар дээр байгаа.

 Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, ухаалаг төр байгуулах чиглэлээр улс орон тэр чигээрээ хөдөлж байгаа үед энэ улстөрийн үйлдэл богино зайг харсан нүүдэл гэж харж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан үндэслэлтэй танилцлаа. Ер нь бол би Засгийн газрын шүүмжилдэг. Манай нам Засгийн эрх барилцаж байгаа ч ард түмний амьдрал туйлын хүнд байна.  Гэхдээ МАН-аас улстөр хийх зорилгоор энэ хоёр сайдын асуудлыг өргөн барьсан уу гэж харж байна. Засгийн газарт байгаа манай намын  гишүүд далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байгаа.  Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Тооцохдоо эдийн засаг унасан үндэслэлтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүн өргөдлөө өгсөн боловч олонхиороо авч үлдсэн. Тэр  эдийн засаг хүнд байдалд орчихсон, асуудал ийм байхад эрх барьж байгаа намын өмнөөс би хариуцлага хүлээе гэж байсан. Гэвч Р.Амаржаргал гишүүнд хариуцлага тооцохгүй, олонхиороо аваад үлдэж байгаа бол хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.

Эдийн засгийн байдал хүндэрсний хариуцлагыг хариуцаж буй яам болох Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамд хариуцах ёстой. Тиймээс хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад МАН ийм үйлдэл гаргаж байгаа нь өшөө авч байгаа юм шиг харагдаж байна.

Огцруулахаар өгсөн хоёр сайдын хувьд хариуцлага тооцох үндэслэл харагдахгүй байна.

Хамгийн хариуцлагатай ажил  хийж байгаа хоёр хүнээ огцруулах гэж байна гэж би харж байна.

УИХ-ын М.Зоригт:

-Огцруулахаар тавьсан үндэслэлтэй танилцсан. Гэхдээ өнөөдөр энэ хоёр сайдыг огцруулах үндэслэл харагдахгүй байна.

Асуудал дэвшүүлж тавьснаараа Монгол Улсын үнэлэмжийг буруулах гавьяа байгуулж байна гэж харж байна.


УИХ-ын С.Ганбаатар:

-Энэ талаар мэдээллийн хэрэгслээс олж уншлаа. Хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөл хуралдаж, тодорхой байр суурь илэрхийлнэ. Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах талаар хоёр удаа бичиг өгсөн.  Хоёр сайдыг бид нарийвчлан судлах ёстой. Энэ бол кабинетын хариуцлага байх ёстой. 

Нэг сайдын хариуцлагаас болж нөхцөл байдал хүндэрсэн бол сайдад хариуцлага тооцох ёстой.

Харин Засгийн газар шийдсэн зүйл нь ард түмэнд хохирол учруулсан бол кабинетаараа хариуцлага хүлээх ёстой.


УИХ-ын гишүүн А.Бакей:

-УИХ дахь МАН-ын бүлгээс үндэслэлийг тавьсан учраас бид энэ асуудлыг хэлэлцээд, тухайн үедээ байр сууриа илэрхийлээд явна.

Өнөөгийн нөхцөл байдалд бүх зүйл сайхан биш ч гэсэн Монгол Улсын санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах арга замыг хайх ёстой.


УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Энэ саналыг бол ойлгож байгаа. Сөрөг хүчний зүгээс  тавьж байгаа асуудал нь Засгийн газрын хийж байгаа ажлыг зогсоохыг хүсч, 2016 оны сонгуулиа харсан үйлдэл гэж харж байна.


Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж