&#34АН-ынхны ялалтын найр дуусаагүй байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

&#34АН-ынхны ялалтын найр дуусаагүй байна&#34

УИХ-ын гишүүн Ж.Энх­баярыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асууд­лаар ярилцлаа.

-УИХ дахь Ардын на­мын бүлгийн дарга со­лигдсоныг “Намын шинэ даргын өнгө үзэмжээр хий­сэн томилгоо” гэж ярьж байна. Харин та энэ та­лаар юу хэлэх вэ?

-Даргын өнгө үзэмж гээд юу байх вэ дээ. Энэ бол УИХ дахь Ардын намын бүлгээс гаргасан улс төрийн шийд­вэр. Шинэ, залуу, эрч хүчтэй хүнд бүлгийн даргын ажлыг өгч үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлж, ачаа үүрүүлье гэж зорьсон юм.

-УИХ-ын гишүүн С.Бям­бацогтыг УИХ дахь Ардын намын бүлгийн даргаар сон­госныг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бид улс төрд хамт шахам хөл тавьсан ижилхэн залуу хүмүүс. Үр дүнд хүрэхийн тулд хамтдаа хичээж байгаа. Энэ хүрээндээ бүхий л төвшинд бие биенээ дэмжиж ирсэн. Тиймээс дэмжиж ажиллана.

-УИХ дахь Ардын нам бүлэг дэд даргагүй байгаа энэ үед таныг бүлгийн дэд дарга болж магадгүй гэсэн таамаглал гарсан байна. Хэрэв ийм санал ирвэл та хүлээж авах уу?

-Би УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүдийн нэгийг бүлгийн дэд даргаар сонгоосой гэсэн байр суурийг баримталж байгаа. Ажлын дадлага суулгах, олон нийтэд таниулах үүднээс шинэ залуусаасаа бүлгийн дэд даргыг сонгох нь зүйтэй гэсэн байр суурийг намын бүлгийн гишүүддээ илэрхийлсэн байгаа.

-Танай намынхан шинэ удирдлагууд болон шинэ дүрэм, журмаа танилцуулах ажлыг маш өргөн хүрээтэйгээр зохион байгууллаа. Намын зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа, бодлогыг та шинэчлэлийн эхлэл болж байна гэж дүгнэж байгаа юу?

-Ямар ч байсан хэлбэр бол болчихлоо. Агуулга нь яах нь вэ. Цаг хугацаа харуулах байх. Ямартай ч нэг жил хүлээх хэрэгтэй. Бид итгэл хүлээлгээд шинэ хүмүүсийг улс төрийн байр сууринд гаргаж өглөө. Тэднийгээ дэмжээд ажиллана. Ер нь харзнах л үлдэж байна даа.

-Танай намын дарга өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд болон Сангийн сайд нарыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. Дээрх хоёр сайд л огцорчихвол танай намын бүлгийнхний сэтгэл ханачихна гэсэн үг үү?

-Бид хариуцлага тооцох тухай асуудлыг маш олон удаа хөндөж байгаа. Сайд нарыг огцруулах тухай асуудлыг гурван ч удаа тавьсан байх. Нийгэмд ч гэсэн ийм хүлээлт үүсчихээд байна. Олон түмнийг бухимдуулсан, улс орны эдийн засаг, нийгмийн эрх ашигт хохирол учруулсан улс төрийн бөгөөд захиргааны шийдвэрүүд гарч байна. Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа учраас энэ салбарын асуудлыг хариуцаж байга сайд нартай улс төрийн хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж, улс төрийн шийдвэр гаргасан юм.

-Засгийн газрын гишүүдийг огцруулах тухай асуудлыг Ардын намынхан хөндөж эхэлснийг Засгийн газрыг ганхуулах гэсэн нэг оролдлого гэж хардах хүн цөөнгүй байна. Танай намын дарга М.Энхболд албан тушаалаа авсныхаа дараахан Засгийн газартай хамтрах тухай яриа гаргасан гэж байсан. Үүнтэй холбоотойгоор ийм хардлага гарсан юм болов уу?

-Энэ бол Засгийн газартай хамтрахтай холбоотой, эрх мэдэлтэй холбоотой асуудал биш. Ер нь Монголын нийгэм болж бүтэхгүй байна гэдгийг хаа сайгүй мэдэрч байна шүү дээ. Бидний 1990 онд хийсэн тэр томоохон өөрчлөлт юу болов оо. Үр дүн нь ямар байна вэ. Монголын нийгэм өнөөдөр мухардалд орчихоод байна. Ялангуяа Ардчилсан, либертари үзэл санаа, либераль эдийн засгийн бодлого гурав орчим сая хүнтэй, хоёр том гүрний дунд оршдог Монголын хөрсөнд хэрхэн бууж, үр өгөөжөө яаж өгөв гэдгийг бодох хэрэгтэй. Бидний 20 жилийн өмнө эхлүүлсэн мөрөөдөл хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бий болгож чадсан уу. Үүний хариултыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн дүүрэн өгсөн гэж би бодож байна. Тэрбээр 1990 оны нийгмийн өөрчлөлтийг манлайлагч, ардчиллын үнэт зүйлийг өөртөө тээж явдаг, хамгаалагч хүний хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд дахин залруулга, тохиргоо хийх хэрэгтэй болсныг мэдэрсэн байна билээ. Тийм ч учраас ухаалаг төрийн тухай асуудлыг хөндөж байна шүү дээ. Ухаалаг гэдгийн эсрэг талд тэнэг гэдэг үг л байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөгийн улс төрийн нөхцөл байдал бол бидний 20 жилийн өмнө мөрөөдөж байсан зүйл биш байна. Төр засгийн мэргэжлийн бус, төрийн албан хаагчдын чадваргүй, эдийн засгийн хүндэрсэн нөхцөл, Монголын нийгмийн гүн уналтад орж байгаа байдал үүнийг илтгэж байна. Тодруулбал, Ардчилсан намын фракциудын тохиролцоон дээр бүрдсэн Засгийн газар улс орныг авч явах чадваргүй байна шүү дээ. Тухайлбал, МоАХ фракцийн гишүүн сайд болсон яаманд хаалгачаасаа эхлээд хаан нь хүртэл зөвхөн МоАХ-ын харьяалалтай байх жишээтэй. Энэ фракцийнхан л тендер шахах эрхтэй. Энэ бүхнээс Ардчилсан намынхан өнгөн дээрээ нэг нам гэсэн баг зүүчихээд дотроо иймэрхүү зөрчилтэй байгаа юм. Энэ нь өөрөө Монголын төрийг гутааж хүндрүүлж байна шүү дээ.

-Ардчилсан намынхан энэ бүхнийг тайлбарлахдаа “Олон жил “ужгирсан өвчин”-ий алдаа одоо илэрч байна” гэж байгаа шүү дээ?

-Дэлхийн эдийн засгийн үзүүлэлт хүндрэхээр АНУ-ын эдийн засгийн хүндрэлээс болсон гэдэг шиг Монголын эдийн засгийн үзүүлэлт хүндрэхээр Хятадынхаас болсон гэдэг шүү дээ. Үүн шиг л асуудал болохоо болиод ирэхээр Ардын намаас бүх зүйл болсон гэж байна. Гэтэл Ардчилсан нам Засгийн эрхийг авснаас хойш үндсэндээ хоёр жил өнгөрч, гурав дахь жил рүүгээ орж байна. Тиймээс тэдний тайлбар нэг их урагшаа явахгүй жижигхэн үнэгэн заль байхгүй юу. Ардчилсан намынхны хамгийн том алдаа нь өөрсдөдөө дүгнэлт хийж чадахгүй, нөхцөл байдал хүндрээд байгаагийн алдааг өөрсдөөсөө хайхгүй бусдаас хайж байгаад л байгаа юм. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр төвшинд, хөрөнгө оруулалт татах төвшингөөрөө Монгол Улс дэлхийд эхний гуравт орж улс төр, өрсөлдөх чадвар нь тогтвортой улсуудыг тэргүүлж байсан. Сайн гэсэн бүх мэдээ л Монголд байлаа. Дээрх сайн гэсэн үзүүлэлтүүдийг Ардын намын Засгийн газар бодитойгоор тогтоож чадсан байдаг юм. Гэтэл тэр сайн мэдээнүүд яагаад хоёрхон жилийн дотор алга болчихсон юм бэ. Өнөөдөр бүх зүйл уруудсаар байгаад Монголын асар их хөрөнгө гадагшилж, гадны хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар саарлаа, дотоодын хөрөнгө оруулалтын урсгал ч саарч итгэлцэл суларч байна.

-Эдийн засгийн хөгжлийн сайд болон Сангийн сайд энэ бүх асуудлыг зээл авах замаар шийдчихнэ гэж байсан. Энэ ч утгаараа Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулж, Монгол Улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрүүлэхгүй байх асуудлыг дахин өргөн барих гэж байгаа гэсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?

-“Өртэй хүн өөдөлдөггүй. Өргүй бол баян” гэдэг үг байдаг байх аа. Гэтэл Ардчилсан намынхан “Өр сайхан” гэж яриад байх юм. Ямар нэгэн зүйлээ ломбарданд тавиад мөнгө аваад түүнийгээ үрэх шиг амархан зүйл байхгүй. Өрөө дараа нь төлөхөд л асуудал хүндэрдэг байх аа. Монгол Улсад өндөг тансаг бараа болтлоо амжиргааны төвшин унасан байна. Үүнийг Ерөнхий сайд ч хүлээн зөвшөөрсөн нь асуудал биз дээ. Гаднаас зээл авахгүй л бол эдийн засгаа аваад явж чадахгүй болсон гэдгээ салбар хариуцсан сайд нар нь зарлачихлаа. Монголчууд өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч зээлийн ангал руу нисэж үхэх үү.

-Энэ бүх асуудал бий болсон нь сөрөг хүчин үүргээ гүйцэтгэхгүй байгаатай холбоотой юм шиг. Та бүхэн сануулга өгөх замаар асуудлыг нааштайгаар шийдэж болох л байсан шүү дээ?

-Бид хангалттай сануулга өгсөн. Харамсалтай нь эрх баригчид маань нэг хэсэг бидний амыг барьсан. Байнгын хорооны хуралдаанд оруулахгүй, бүлэг байгуулж өгөхгүйгээр төсвөө баталж байсан. Ямарсайндаа Ерөнхий сайд нь өөрсдийнхөө баталсан төсвөө “Энэ бол авилгажсан төсөв байжээ” гэж ярьж байх вэ дээ. Үүгээрээ Ерөнхий сайд Монголын нийгэмд авлига хэтэрсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн.

-Зөвхөн өмнөх оны төсвийг биш Ардын намынхны эрх барьж байх үеийн төсвийг авлигажсан гэж Ерөнхий сайд хэлсэн юм биш үү?

-2012, 2013 оны өргөн барьсан төсвүүд чинь Н.Алтанхуягийн төсөв. Өөрийнхөө оруулж ирсэн төсвүүдийн үр дүнг хэлэлцэж байх үеэр л “Энэ чинь үнэхээр авлигажсан юм байна аа” гэж хэлсэн шүү дээ. Энэ бол тэдний бий болгосон боловсон хүчний алдаанаас үүдэлтэй.

-Та бүхэн энэ үүсээд байгаа асуудлыг цаашид хэрхэх гэж байна. Ер нь аливаа асуудлыг хэлэлцэх гэхээр чуулганы хуралдааны ирц бүрддэггүй асуудал гаарсан. Сөрөг хүчин энэ бүхэнд шаардлага тавих ёстой биз дээ?

-Бид шаардлага тавина. Гэхдээ бүх л зүйл Ардчилсан намаас хамаарна. Ер нь аливаа асуудлыг олонхи л шийддэг. Засгийн газрыг олонхи л огцуурлдаг. Ирцийг олонхи л бүрдүүлдэг. Олонхи л санаачилгатай, зохион байгуулалттай байж асуудлыг урагшлуулдаг. Энэ бүх асуудал үүссэн нь олонхийн л мөн чанарыг харуулж байгаа юм уу даа. Өөрөөр хэлбэл, арчаагүй байгаагийн шинж байхгүй юу. Бид байнгын хороодын, чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлж ажлыг нь нэлээд явууллаа. Оруулж ирж байгаа хуулийн төслүүдийнх нь 70-80 хувийг өөрчлөөд буцааж байна. Үнэнийг хэлэхэд хуулийн төслийн боловсруулалтын төвшин асар их доройтсон шүү дээ. Ер нь эрх баригчдын маань ялалтын найр дуусаагүй, шартсан хэвээр байсан юм шиг байгаа юм. Хоёр жилийн дараа одоо л ухаан орж байна. Найрлаж байгаад эргээд харсан чинь эдийн засгийнх нь үзүүлэлтүүд уначихсан. Гадаад, дотоод түншүүд нь байхгүй болчихсон. Дотоодынхоо хэдэн бизнес эрхлэгчдийг Ерөнхийлөгчийн хэлдгээр хамгийн дарлагдсан ард түмэн болгоод хувиргачихсан, улс төрийн ашиг сонирхлынхоо үүднээс төрийн албыг баруун солгоогүй бужигнуулаад үймүүлчихсэн байгааг нь хэлээд байхад хэн нь ч тоогоогүй байхгүй юу. Ер нь бол Ардчилсан намынхан маань арваад жилийн уйгагүй, тасралтгүй хөдөлмөрийн үр дүнд бий болгосон үзүүлэлтүүдийг хоёрхон жилийн дотор юу ч үгүй унагачихлаа. Харамсалтай байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж