
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хүсэлтийг Ардын намынхан дахин өргөн барив. Тэрбээр ийнхүү огцрох ёстой сайд нарын тоонд хоёр дахь удаагаа “нэр дэвшив”. Сөрөг хүчнийхнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч тэр “Том төрөөс ухаалаг төр рүү” нээлттэй хэлэлцүүлгийнхээ үеэр “Эдийн засгийн хөгжлийн сайд чинь нэг л болохгүй байна” гэсэн битүү утга бүхий үгийг Ардчилсан намынхан руу “чулуудсан”. Гал тахидгаараа алдартай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уг нь өөрийнхөө хэрэнд л ажиллаж байгаа. Гэсэн ч энэ нь сөрөг хүчнийхэнд төдийгүй Ерөнхийлөгчид нэг л таалагдахгүй байгаа бололтой юм. Зөвхөн тэдэнд ч биш ард түмэнд ч таалагдахгүй байгаа биз. Тиймээс л түүний нэрийг огцрох ёстой сайд нарын тоонд байн байн оруулж байгаа нь лавтай. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намынхан эхний удаа түүнийг аварч үлдсэн. Харин хоёр дахь удаагаа яах бол гэдэг асуулт тунаж үлдээд байна. Ардчилсан намыг муухай харагдуулж байгаа гэгдэх болсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ бүхэнд нэг их эмзэглэхгүй байгаа бололтой юм. Учир нь тэрбээр эдийн засгаа аврахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх өрийн хэмжээг нэмэхээр хуулийн төсөл боловсруулаад завгүй байгаа гэсэн. Түүнийг завгүй хойгуур иймэрхүү яриа гаргаж байгаа сөрөг хүчнийхэнд тэр лав таатай хандахгүй байх. Нэгэнт л сайдаар сонгочихсон юм чинь суудалд нь байлгаж байгаад санаачилж байгаа хуулийн төслийнх нь “ид шид”-ийг үзчихсэн бол хэлэх үггүй л болох байсан байх даа.
Р.САРАНГООЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин