Засгийн газрын хуралдаанаар бас нэгэн чухал шийдвэрийг гаргах гэж буй сураг дуулдлаа. Чухам аль хуралдаанаар шургуулахыг “хэргийн эзэд” өөрсдөө л мэдэх биз ээ. Шийдвэрийн агуулга нь өнөөх л төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал. Энэ удаа нарийн царигтай 200 км төмөр замыг тавих шийдвэрт хүрэхээр лобби ид хүчтэй явагдаж байна. Лоббиг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Сайханбилэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар ахалж байгаа сурагтай. Уг нь энэ асуудлыг “тэртээх” 2010 оны зургаадугаар сарын 24-ний 32 тоот тогтоолоор баталсан. Энэ бол Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-д заасан үндэслэлийн дагуу батлагдсан болохоор хууль эрх зүйн чадамжтай “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” билээ. Гэнэт яагаад энэ шийдвэрийг өөрчлөхөөр болов.
Юуны өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөл өнгөрсөн аравдугаар сарын 22-26-нд БНХАУ-д айлчилсантай холбоотой байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл тэд өнгөц харвал төмөр замын нарийн царигийн өмнө, бүр тодруулбал геополитикийн бодлого талаасаа БНХАУ хэмээх дэлхийд тэргүүлэгч гүрний өмнө бууж өгөхөөс өөр аргагүй гацаанд орчихсон бололтой. Энэ айлчлалын үеэр дуулгасан олон сайн мэдээний нэг нь манай нүүрс экспортлогчдыг төлөөлж “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК-ууд Хятадын “Шинхуа Энержи” компанитай ойрын 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр болчихлоо гэж алгаа ташицгааж байв. Энэ нүүрсийг морин тэргээр, эсвэл ачааны машинаар, онгоцоор тээвэрлэхгүй. Төмөр замаар л тээвэрлэн зөөж таарна. Тиймээс ч энэхүү баяр хөөр дээр дөрөөлөн санасандаа хүрч сарвайснаа авахаар улайрч эхлэв бололтой.
Гурван жил гаруй үргэлжилж буй энэ нөр их хичээл зүтгэл, ашиг сонирхлын цаана Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, эхэндээ төдийлөн идэвх зүтгэл гаргаагүй ч “аргагүйн эрхэнд” татагдан орсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хамгийн тод харагдаж байна. Гэвч энэ “сэлэм” хоёр талдаа иртэй бөгөөд үүгээрээ онцгой бөгөөд аюултай юм. Сэлэмний нөгөө тал ч мөн л эртнээс ирлэгдэж, хэлэлцээрт бэлтгэж суугаа нь тодорхой. Тэр нь хоёр маргааш Оросын талтай төмөр замын асуудлаар хэлэлцээр юм. Энэ үеэр бас ямар гээчийн “бяслаг биш тэсрэх бөмбөг” зуугаад ирэх бол. Оросууд, шуудхан хэлэхэд тус улсын Ерөнхийлөгч В.Путин Монголын Ерөнхий сайд асан С.Баярт “дургүй” болсон түүх ч үүнтэй холбоотой билээ. Оросууд худалчуудад дургүй. Итгэл даах хүнийг тэнгэрээс ч татаад авч чаддаг улс.
За яахав, хоёр хөршийн харилцаа хамаагүй гээд бодлогоо бодож, ашгаа тооцлоо гэхэд Гашуунсухайтын 267 км төмөр замыг нарийн царигтай байхаар баталсан тэр мөчөөс эхлээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо мартах хэрэгтэйг сануулах юун. Сайншандад эхний ээлжинд таван үйлдвэр байгуулах бөгөөд гангийн үйлдвэрийг ирэх онд барьж эхлэхээр төлөвлөжээ. Гэвч цогцолбор байгуулах ажлын хувьд энэ оны төгсгөлд усны судалгаа дуусч инженер, геологийн судалгаа дуусч ирэх хоёрдугаар сард багтаан хийж дуусгана гэж мэргэжлийн хүмүүс мэдээлсэн.
Уг нь ухаантай удирдагчийн нүдээр харж эрүүл сэтгэж чадвал Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, бүтээн байгуулалтын энэ их ажил л Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндийг өргөж, түүхийн хуудсанд гэгээнээр бичиж үлдээх учиртай. Гэвч энэ сонголт нь мөнгөний хүч, ашиг сонирхлын нөлөөллийн хүчийг сэтлэх эсэхийг харж л байя.
Бас нэг аюултай бөмбөг тэсэрчих гээд байна. Энэ бол Засгийн газар 200 км төмөр замыг нарийн царигтайгаар баталсан тохиолдолд УИХ-аас баталсан хуулийг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг зөрчих болно. Энэ бүхнийг жижиг гэж үзэж байгаа бол хүссэн шийдвэрээ гаргахаас яах вэ.
Шинэчлэлийн Засгийн газар энэ оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаараа Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр Боомтын зориулалттай нарийн төмөр зам барьж ашиглалтад оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байдаг. Өнгөц харахад нүүрсний экспортыг дэмжиж өрсөлдөх чадварыг сайжруулах гэх мэт олон сайхан тайлбараар “хучиж”, “далдалж” болох ч дээрх шийдвэр ямар гээчийн том эрх мэдлийг давж зөрчиж хэчнээн хүчтэй лобби аядуу намуухан орж явчихсныг олон нийт төдийлөн анзаараагүй юм. Энэ лобби тун урт хугацаанд өрнөж байна. Эхлээд Ж.Оджаргал, Х.Баттулга хоорондын “дажин” мэт харагдаж байсан. Гэтэл дундуур нь Сү.Батболд Ерөнхий сайдын хувиар “зохицуулалт” хийж будилаантуулсан. Яаж будилуулсан бэ гэдгийн нэг тод жишээ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг “хулгайн аргаар” ганцхан тоо өөрчлөөд л ашиг сонирхолдоо нийцүүлсэн юм.
Тухайлбал УИХ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны есдүгээр сарын 9-ний 35/32 тоот зөвлөмжийн 1.3-т “УИХ-ын 32 тоот тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2-т төмөр эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг мөн бодлогын 3.2.4-т заасан хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийн хамт 2013 онд багтаан ашиглалтад оруулахыг зөвлөсөн байдаг.
Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү шийдвэрээ гэнэт өөрчилж 2012 оны гуравдугаар сард гаргасан шийдвэртээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжийн 1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг-Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилгоор суурь бүтцийн барилга угсралтын ажлын концессыг шууд гэрээний үндсэн дээр олгож 2012 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх” хэмээн өөрчилсөн байгаа юм. Ингээд 2012 оны эхний хагас жил буюу УИХ-ын сонгуулиас урьтаж Ухаахудагийн төмөр замыг барих ажлыг концессийн шууд гэрээгээр яаран сандран Ухаахудагт олгосон.
Үүний дараа УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан. Ардчилсан намынхан олуулаа болсон хэдий ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тооцон томилохдоо “Ухаахудагчин” ба “Анти-Ухаахудагчин” гэж ангилаад байгаа нь бүгдэд тодорхой л байсан шүү дээ. Ингээд Н.Алтанхуяг Ерөнхий сайд эрх мэдлийг гартаа атгаж “Энэ улс орныг ингэж хөгжүүлнэ” гээд сэлэм эргүүлсэн. “Яаж” гэж асуух “хашир бурхи” дэндүү олон байсан тул бантсандаа М.Энхсайханыг хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар томилж “мега төсөл”-үүдээ гарт нь атгуулав. Гэвч М.Энхсайхан Н.Алтанхуягийн үгэнд орох “жижиг гар” мөн үү. Тиймээс ч “МоАХ-ынхан” буюу Зам тээврийн яамныхныг сөрснийхөө төлөө Засгийн газрын хаалгыг гаднаас нь хаасан ч хоосон хоцроогүй. Харин Ерөнхий сайдын хувьд энэ Засгийн газрын нэр хүнд олох, түүхэнд “алтан үсгээр” тэмдэглэгдэн үлдэх гол ажлыг нь нугалж буй сайд нарынхаа үгэнд орж өмнөх Засгийн газрын ҮАБЗ-ийн зөвлөмжид “хулгайгаар” хийсэн засварыг илрүүлэн зөв зүгт хандуулсан нь магтууштай. Ингээд зам тээврийн салбарынхан замаа бариад Ерөнхий сайд бэлэн болчихоор нь очиж “нээж өгөөд” тууз хайчлаад ажил амжилттай өрнөж байв.
Гэтэл “Ухаахудагчин”-уудын хамсаатнууд “Эрх мэдэл чинь байна, хэлсэндээ хүрээч” хэмээн дарамталж эхлэв. Эхний алхам буюу тайвшруулах үйлдэл нь дээр дурьдсан Гашуунсухайтын Боомтын төмөр замыг нарийн царигтайгаар барих шийдвэр байв. Мэдээж энэ нь хөршүүдэд чамлалттай. Зөвхөн “Шиньхуа” болон гадны түншүүдээс гадна дотоодын “Энержи ресурс”-ынхны асар том ашиг сонирхлын дэргэд дэндүү доромж санагдсан бололтой. Иймд барьцаа лавшруулахыг шаардсаар байлаа. Үүнд бэлтгэх мэт 2013 оны нэгдүгээр сарын 23-нд сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийх үеэрээ “Царигийн хэмжээг Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Х.Баттулга гээд хэн нэг хүн шийдэхгүй. Энэ бол төмөр замын бодлого. УИХ-аас баталсан бодлогод өргөн царигтай байна гээд шийдчихсэн. Урагшаа тавих төмөр зам өргөн царигтай байхаар ТЭЗҮ хийсэн. Нарийн царигтай байвал илүү ашигтай гэсэн эдийн засгийн тооцоо байхыг үгүйсгэхгүй. Ашиг гэдэг бол харьцангуй зүйл. Гэхдээ УИХ илүү өргөн хүрээнд харж шийдвэрээ гаргасан” гэсэн юм.
Ямартай ч “Тамга, хутга хоёр багаддаггүй” гэдгийн адил тэдний сүрдүүлэгт аягүйцсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар ямар нэг аргаар барьцаа лавшруулж нарийн царигтай төмөр замыг “уртааш нь сунгах” арга сүвэгчилж эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ бохир арга хүчээ авч гэмээнэ Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаарх эерэг төсөөлөл бүхэн үлгэр болж хувирах магадлалтай. Дашрамд яагаад шинэ төмөр зам барих тухай яриа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбогдсоныг сануулахад илүүдэхгүй болов уу.
Дэлхий дээр уул уурхайн салбараа хөгжүүлээд амжилтад хүрсэн орон тун цөөн. Ботсвани, Америк, Чили, Норвеги гээд л бараг боллоо. Яавал зөв явах вэ. Юуны өмнө макро эдийн засгийн зөв удирдлага чухал. Удаахь нөхцөл нь төрийн зохицуулалтаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг зөв зохицуулах явдал. “Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд бүү оролц” гэдэг үе өнгөрч буйг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч эхлээд байна. Хамгийн гол нь гадаад зах зээлийн объект нь хэд хэд байх ёстой. Нэг улсаас хараат байхын хэцүү, хатууг бид хангалттай амссан. Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулж чадахгүй байгаа нь үүний хамгийн тод жишээ юм. Энэ бүхэн, өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг сайжрах нь, өрсөлдөх чадвартай болох нь, эцсийн бүтээн үйлдвэрлэж өндөр үнэд хүргэх нь Хятадын “Шинхуа Энержи” компанид яалаа гэж таалагдах билээ. Тиймээс ч Монголын “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК тэргүүтэн болон Засгийн газарт тэднийг төлөөлж буй Н.Алтанхуяг тэргүүтэй “нарийн царигчин” улстөрчидтэй хүч хавсарч “Монголыг Монголчуудтай нь дайтуулах” тэдэнд маш таатай байгаа бололтой. Уг нь хуулийн дагуу ажиллаад, ҮАБЗ-ийн зөвлөмжийг биелүүлэн, Сайншандад Хүнд үйлдвэр, цогцолбор байгуулж олон хүнийг ажлын байртай болгосон бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний танхимын нэр бүхий сайдууд “хойч үедээ хараалгахгүй” байх байлаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин