Терренсе Жойнер улирлын хамгийн өндөр оноог авлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Терренсе Жойнер улирлын хамгийн өндөр оноог авлаа

Сагсан бөмбөгийн Үндэсний “Супер лиг”ийн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолт өчигдөр явагдлаа. Энэ тоглолт “Супер лиг”-ийн өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд” болон шинэхэн баг “Говь-Алтай МонТорх” багуудын хооронд болсон юм. “Гарьдууд”-ын хувьд холбон тоглогч Г.Ихбаяр бэртлийн улмаас хоёрдахь тоглолтоо өнжлөө. Харин “МонТорх” багийн бүрэлдэхүүнд Терренсе Жойнер хэмээх хамгаалагчын байрлалд тоглодог, 25 настай АНУ-ын легионер тоглогч нэгдэж, эхнийхээ тоглолтод оролцсон юм. Түүний хувьд 2011-12 оны улиралд АНУ-ын сагсан бөмбөгийн Их сургуулийн лиг буюу NCAA-гийн нэгдүгээр дивизионд Mississippi Valley State их сургуулийн багт тоглож, нэг тоглолтод дунджаар 12,9 оноо авдаг тоглогч юм. Харин өнгөрсөн улирлалд Грекийн сагсан бөмбөгийн лигт тогложээ. Мөн 2012 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр бэлдэж байсан манай улсад ирсэн тамирчдаас хамгийн өндөр амжилттай нь юм. Тиймээс энэ тоглолт олон үзэгчдийн анхаарлыг татаж, Спортын төв ордонд үзэгчид дүүрсэн байлаа.

Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй өрнөсөн ч, эхний хагаст “Гарьдууд” 48:38-н харьцаатай илүүрхсэн. Харин тоглолтын сүүлийн хагас маш сонирхолтой өрнөж, хурдан довтолгоо, шидэлтүүд, шилдэг хаалтууд дүүрэн болсон. “МонТорх” багийн шинэ легионер Терренсе Жойнер сүүлийн хагаст өөрийн чадвараа харуулж байлаа. Тэрээр энэ тоглолтонд холын зайнаас нийт найман удаа хийсэн. Мөн зургаан самбар, 45 оноо авч, “Супер лиг”-ийн энэ улирлын хамгийн өндөр оноог авлаа. Мөн МонТорхын легионер Квинтон Макдюффие /Quinton McDuffie/ 21 оноо, 21 самбар авсан бол, Б.Батзолбоо 13 оноо, 16 самбар авсанаас, 11 нь довтолгооны самбар байлаа. Ингэснээр тоглолтын төгсгөлд МонТорх оноог ойртуулж, хожлын төлөө тэмцсэн. Харин “Гарьдууд” алдаа гаргалгүй тоглож, эцэст нь 97:94-н харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. “Гарьдууд”-аас Фреддие Вүүдс 13 оноо, 13 самбар, 11 блок, долоон оновчтой дамжуулалт өгснөөр, энэ улирлын дөрөвдэх трипл даблийг хийж, онцгой тоглолоо. Мөн Дэйн Роулинс 28 оноо, 10 самбар, С.Батбямба 24 оноо, зургаан самбар, Б.Мөнхболд 12 оноо, О.Ууганбаяр 10 оноо авчээ. Ингэснээр “Дорнод Танан Гарьд” баг гурван хожил, гурван хожигдолтойгоор, эхний тойргийг дөрөвдүгээр байраар өндөрлүүллээ.

“Баянгол гурван тамир” хоёрдугаар тойргийн эхний тоглолтдоо хожлоо

Даваа гарагийн дараагийн тоглолт “Супер лиг”-ийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт байлаа. Энэ тоглолт лигийг тэргүүлж байгаа “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болсон. Энэ тоглолтыг Ригсээс ОУХМ Ш.Сэдбазар, Гурван Тамираас Г.Цэлмэг бэртлийн улмаас өнжсөн.  Гурван Тамир багийн хувьд 1-р тойргийн сүүлийн тоглолтондоо лигийг тэргүүлэгдчийн нэг “SBL Хасын Хүлэгүүд”-д эцсийн мөчид хожигдож байсан билээ. Энэ удаад ч Ригсүүдтэй тун сайн тоглож, эхний хагасыг 50:46-н харьцаатай илүүрхсэн.

Улмаар сүүлийн хагас улам өрсөлдөөнтэй өрнөж байсан ч, Гурван Тамир багийн онооны давамгайлал үргэлжилсээр, онооны зөрүүг 7 болтол нь холдуулж чадсан. Тэднээс Г.Цэнгүүнбаяр 21 оноо, P.J.Gaynor 19 оноо, 13 самбар, 7 блок, Chris Lawson 15 оноо, долоон самбар, долоон оновчтой дамжуулалт, Б.Дархантөгс 10 оноо, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ. Гэхдээ Гурван Тамир багийн тоглолтын төгсгөлийг муу хийдэг алдаа энэ удаад ч давтагдсан. Сүүлийн 4 минутанд оноогоо нөхүүлсээр,  Рисгийн хамгаалагч Төмөрийн холын зайн шидэлт амжилттай болж, оноог 83-83 болгон тэнцүүлсэн. Улмаар Chris Moore-н самбар доорх довтолгоо амжилттай болж, үндсэн цаг дуусахаас 45 секундын өмнө Эрдэнэдрийлинг Ригс тоглолтыг 2 оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Ригсээс энэ тоглолтонд Б.Батжавхлан холын зайн таван шидэлтээ амжилттай болгож, 23 оноо, Corey Bethea 17 оноо, таван оновчтой дамжуулалт, С.Өрнүүнбилэг 16 оноо, 14 самбар, Chris Moore 13 оноо, 20 самбар, 5 блок, Төмөр 9 оноо, 4 бөмбөг таслалт хийжээ.

Харин тоглолтын хувь заяаг шийдсэн довтолгоо цаг дуусахаас 30 секундын өмнө явагдаж, Гурван Тамир багийн хамгаалагч Э.Дөлгөөний холын зайн шидэлт амжилттай болж, багтаа 1 онооны тэргүүлэл авчирсан. Улмаар Ригсийн хариу довтолгоо амжилтгүй болсон. Ингэснээр 86:85 харьцаатай “Баянгол Гурван Тамир” баг тэргүүлэгчдийг буулган авч, 2-р тойргийн эхний хожлыг авлаа. Тэд ийнхүү 3 хожил, 4 хожигдолтой болж байна. Харин “Увс Эрдэнэдрийлинг Ригс” баг 2 дахь хожигдлоо хүлээлээ.

Үндэсний “Супер лиг”-ийн маргааш буюу лхагва гарагт хоёрдугаар тойргоор үргэлжилнэ. Эхний тоглолт “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Говь-Алтай МонТорх” багуудын хооронд болох бол, 2 дахь тоглолт “Дорнод Танан Гарьд” болон “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж