“Уимбльдон”-ы чансааг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Уимбльдон”-ы чансааг танилцууллаа

Лондон хотноо ирэх даваа гаригт нээлтээ хийх “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг Британийн нээлттэй тэмцээн буюу “Уимбльдон” тэмцээний урьдчилсан шалгаруулалт болж, чансааг тодруулжээ. Зүлгэн коурт дээр зохиогддог хамгийн том тэмцээн болох энэ жилийн “Уимбльдон”-ы чансааг аваргаа хамгаалан өрсөлдөх Рожер Федерер тэргүүлэх бол дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надаль хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Францын нээлтийн тэмцээнд түрүүлснээр Федерерийн дэлхийн номер нэг гэх эрхэм хүндтэй статусыг булаан авсан Надаль 2008 оны “Уимбльдон”-д түрүүлсэн боловч өнгөрсөн жил гэмтлийн улмаас аваргаа хамгаалж чадаагүй юм.

Талбайн теннисний спортын хамгийн алдартай тэмцээнүүдийн нэг болох “Уимбльдон” нь АТР-гийн дэлхийн чансааг харгалздаггүй онцлогтой цорын ганц “Их дуулга”-ын тэмцээн бөгөөд тэмцээний өмнө зохиогдсон зүлгэн коурт дээрх тэмцээнд үзүүлсэн тоглогчдын амжилтыг харгалзан үзэж, “Уимбльдон”-ы чансааг тодорхойлдог билээ.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд алдарт Федерер, Надаль нарын араас Сербийн Новак Жокович, Британийн Энди Муррей нар чансааг удаалжээ.

Харин эмэгтэй ганцаарчилсан төрлийн тухайд аваргаа хамгаалан өрсөлдөх дэлхийн номер нэг теннисчин Серена Уильямс чансааг тэргүүлэх бол түүний эгч Венус хоёрдугаарт бичигдээд байна.

С.Цэлмэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж