-Нэр бүхий хоёр ч сайдыг огцруулахаар бүлэг шийдвэрлэж, төслийг УИХ-д мэдүүллээ. Сайдуудыг огцруулах болсон үндэслэл юу вэ. Нийт хэчнээн гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бэ, огцруулах асуудалд?
-УИХ-ын нэр бүхий 23 гишүүн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, алдаа оноотой байдалд нь засч залруулж зөв зүйтэй тал руу нь ажиллах ёстой гэж үзээд Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах шийдвэрийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Өнгөрсөн хугацаанд МАН-ын гишүүд 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, амьдрал байдалтай нь танилцсан. Иргэд өнөөгийн Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд тааламжгүй байгаагаа илэрхийлж, сөрөг хүчний хувьд засч залруулж, хариуцлага тооцож ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Нөгөө талаасаа бид 2014 оны төвсийг өргөн барьснаасаа хойш гурван удаа эрх баригчдад “Дотроо хариуцлага тооцож ажиллаач ээ, алдаа гаргаж байгаа шийдвэрээ засаж залруулаач ээ” гэдэг сануулгыг өгсөн. Гэвч тодорхой арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Мөн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж тэдний өмнөөс хариуцлага хүлээе гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт тавьсан. Энэ бүгдэд олонхи хүч түрж хариуцлагын тогтолцоо энэ УИХ, Засгийн газарт байхгүй болчихсон юм шигээр хандлаа. Тийм учраас 23 гишүүн санаа оноо нэгдэж ирэх оны төсвийг УИХ баталсан, 2014 оны төсвийг хэрэгжүүлэх гол хоёр сайдыг шинэ хүмүүс томилогдож төслийг хэрэгжүүлэх ёстой гэсэн бодлын үүднээс огцруулах асуудлыг тавьсан.
-МАН-ын бүлгээс огцруулах асуудлыг тавьсан нь таныг намын дарга болох үедээ Засгийн газартай хамтарна гэх амлалтыг өгсөнтэй холбоотой байж мэднэ. Энэ утгаараа сайд нарыг нэг, хоёроор нь огцруулахаар асуудал тавьж эхэлж байна уу гэсэн таамаг яригдаад эхэллээ?
-Манай намын их хурал дээр албан ёсоор Засгийн газартай хамтрах тухай асуудал яригдаагүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хариуцлагын асуудлыг тавьж байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол бид өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард энэ оны эцэс рүү улсын эдийн засаг хүнд болох нь ээ гэдгийг мэдэрч, Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэж үзэн УИХ-д асуудлыг тавьж байсан. Олонхи Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж үзээд аваад үлдэж байсан. Гэхдээ тэр бол сургамж байсан. Түүнээс эрх баригчид үндэслэл аваад өөрсдийн ажлаа сайжруулаад 2014 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа наад зах нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох ёстой “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гаргаж байгаа ихээхэн хөрөнгө, бондын эх үүсвэрээр орж ирсэн хөрөнгийг төсөвтөө багтаагаад, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, төсвөөс санхүүжиж байгаа үйл ажиллагааны алдааг засч, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад тодорхой санаачлага гаргаж ажиллаж чадсангүй. Жишээ авахад, валютын ханш 25-30 орчим хувиар өссөн байна. Энэ бүх нөхцөл байдалд шинэ Засгийн газрын гишүүд гарч ирж байж энэ хоёр салбарыг удирдаж авч явах нь зөв зүйтэй юм байна гэдэг бодлын үүднээс огцруулах асуудлыг тавьсан.
-Олонхийн бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй нийлж байгаад хоёр сайдыг аваад үлдвэл яах вэ. Ийм магадлал өндөр байгаа?
-Хариуцлага тооц гэдэг асуудал тавилаа. Энэ бол зөвхөн бидний тавьж байгаа асуудал биш, олон түмэн ийм бодол санаатай байна. Улс орныг удирдаж байгаа хүмүүс туршлагатай байх, улс орны хийгдэж байсан ажлын залгамж чанарыг хадгалах, хууль дүрэм зөрчсөнийг засч залруулах ётсой гэдгийг иргэд тавьж байгаа.
-Хуульд зааснаар огцруулах асуудлыг УИХ хэд хоногт багтаан хэлэлцэх ёстой вэ?
-Дэгийн хуульд зааснаар долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Тийм учраас УИХ энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх болов уу гэж бодож байна.