&#34Оюутолгой&#34 80 сая төгрөг хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

&#34Оюутолгой&#34 80 сая төгрөг хандивлажээ

"Оюутолгой" компани  нийгмийн хөрөнгө оруулалтын хүрээнд  хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор дунд сургуулийн байрыг шинэчлэн засварлах төсөлд хамтран оролцжээ. Хүүхэд багачуудын амьдралын ая тухыг сайжруулах, сурч боловсроход нь хувь нэмрээ оруулахаар Оюутолгой компани 2013 онд 80 сая төгрөг хандивласан бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж нээлтээ хийлээ. 

Нээлтийн ёслолын үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүүхэд багачуудын хөгжих, сурах бүхий л бололцоог хангасан энэ сайхан ордонд Монголын ирээдүй болсон мэдлэг боловсролтой, эрдэм чадалтай хүмүүс амьдарч, суралцах болно гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлэв.

“Өнөр бүл” төвийн захирал Б.Бурмаа “Манай төвийн хүүхдүүдийг сайхан ордонтой болгож өгсөн Хүүхдийн төлөө Үндэсний газар, Оюутолгой компани, Улаанбаатар Ротари клубт талархал илэрхийлье. Манай хүүхдүүд амжилттай сайн суралцаж та бүхний ачийг хариулах болно” гэсэн юм. Төслийн хэрэгжүүлэгчээр Ротари Улаанбаатар клуб ажиллажээ. Энэ ажлын үр дүнд  “Өнөр бүл” төвд сурч амьдарч буй бүтэн өнчин болон асрамж хамгаалал шаардлагатай 2-18 насны 190 гаруй хүүхэд, мөн Амгалан дунд сургуулийн  2400 сурагчид, 180 багш ажилчид цэвэр тохилог эрүүл ахуйн орчинд ажиллаж амьдрах боломжтой боллоо.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж