Сайд нарын давхар дээлийг тайлж, хариуцлага тооцох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Сайд нарын давхар дээлийг тайлж, хариуцлага тооцох ёстой гэв

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн нийгэм эдийн засгийн  байдал хүдэрсэнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан,  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлаар МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, өнөөдөр УИХ-д өргөн барихаар болсон байна.

МАН-ын гишүүд 27-р Их хурлын дараа орон нутаг болон нийслэлд ажилласан бөгөөд энэ үеэр иргэдээс нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн талаархи шүүмжлэл маш их байсан байна.  Мөн МАН-аас өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзээд нийгэм, эдийн засагт голлох нөлөө үзүүлж, салбарыг нь хариуцаж байгаа хоёр сайдад хариуцлага тооцохыг УИХ-д 16.00 цагт өргөн барих юм байна.

Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх Газрын тухай хуулийг хэлэлцсэн байна. Тодруулбал, энэ хуулинд малчдад бэлчээр, өвөлжөөний газрыг өмчлөх заалт буй. Үүнийг МАН-ын бүлгийн зүгээс дахин судалж үзэхээр ажлын хэсэг байгуулсан байна. Мөн гадаадын иргэдэд Монгол Улсад газар эзэмшүүлэх тухай хуульд тусгасан байгаа бөгөөд энэ заалтыг УИХ-аар хэлэлцэхийн өмнө иргэдээр хэлэлцүүлэх, олон нийтийн саналыг авах нь зүйтэй гэж үзжээ.

Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ, Засгийн газрын гишүүний үүргийн давхар хашихыг хориглох төслийг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд байж болохгүй гэсэн төслийг УИХ-д өргөн барьсан боловч энэ хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжихээр тусгасан. Харин МАН-ын бүлгийн гишүүд Том төрөөс ухаалаг төр лүү шилжихийн тулд энэ хуулийн хэрэгжилтийг наашлуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүдийн дан дээлийг тайлах ажлыг ойрын хугацаантай хэрэгжүүлэх буюу хууль баталсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ёстой гэж тус намын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Энэ долоо хоногийн Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны хуралдаанаар Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох юм байна. Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлээр болсон байна. МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар бүлгийн шинэ даргаар С.Бямбацогтыг томилсон. С.Бямбацогт гишүүн өмнө нь МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашиж байсан бөгөөд энэ удаагийн хуралдаанаар МАН-ын бүлгийн дэд даргын асуудлыг хэлэлцээгүй байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж