Валютын ханшийг тогтворжуулах тогтоол гаргана

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Валютын ханшийг тогтворжуулах тогтоол гаргана

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ирэх долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас нь онцловол Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг бүлгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. Энэхүү төслийн агуулга нь УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх заалттай бөгөөд энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ялгаж, хариуцлагатай төрийг бий болгох ач холбогдол бүхий зохицулалт юм.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ төслийн талаар “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр хуулийн хэрэгжилт 2016 оноос хэрэгжихээр байгааг нь дэмжиж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ялгаж салгах энэхүү төслийг цогцоор нь Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлттэйгөөр хэлэлцэх нь зүйтэй гэж байгаа. Иймдээ ч хууль хэрэгжиж эхлэх хугацаанд эдгээр хуулиудын уялдаа холбоо, өөрчлөлтийн асуудлыг шийдэх боломжтой” гэсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар нэгэн чухал төслийг хэлэлцсэн нь Валютын ханшийг тогтвортой байлгах тогтоолын төсөл байлаа. Энэхүү тогтоолд хөрөнгө оруулалтыг дэмжих, валютын урсгалыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих гэсэн үндсэн чиглэлтэй аж. Уг тогтоолыг нарийвчлан боловсруулах үүргийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон бөгөөд Өрийн удирдлагын хуулийн төсөл, олборлолтыг нэмэгдүүлэх, Чингис бондын хөрөнгөөр баяжуулах үйлдвэрлэл, цементний үйлдвэрийг дэмжих зэрэгт анхаарлаа хандуулахаар болсон байна.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж