Удахгүй Дархан-Уул, Хөвсгөл тэргүүтэй долоон аймгийн оршин суугчид “төсөвтэй” утаагаар амьсгална. Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгуудад нийслэл хотын адил “Утаагүй зуух”, “Утаагүй түлш” зэрэг төслийг хэрэгжүүлэхгүй бол утаа угаар нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэнэ. Гэвч төсөл хэрэгжиж буй үйл явц тун сонин.
2013 онд аймаг бүрт 90 орчим сая төгрөгийг төсөвлөж, утаагүй зуухаар хангахаар болсон. 90 сая төгрөгөөр аймгийн төвийн эхний 200 айл утаагүй зуух буюу бүрэн шатдаг зуухаар хангахаар болсон байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн Мөрөн хот 10800 гаруй айл өрхтэй гэдэг. 200 айлыг нь утаагүй зуухаар хангалаа. Цаана нь 10600 орчим айл нь “утаатай зуух”-аа галлана. Утаа багасах уу? Үгүй л болов уу. Учир нь, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 2011 оноос хойш “Утаагүй зуух”, “Утаагүй түлш” гэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын гэр хороололд 180 гаруй мянган айл өрх амьдардаг гэсэн тоо баримт байна. Эдгээр айл өрхөөс 120 мянга гаруйг нь утаагүй зуухаар хангасан гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гаас мэдээлж байна. Ингэхээр Улаанбаатар хотын гэр хорооллын гурван айл тутмын хоёр нь утаагүй зуухтай болсон гэсэн үг. Утаагүй түлш төсөл хэрэгжихэд тун хүндрэлтэй. Иргэд нүүрсээ түлээд сурчихаж. Мөн утаа бага ялгаруулдаг түлш өндөр өртөгтэй. Эдгээр төсөл хэрэгжсэний үр дүнд хорт утааны агууламж 5-30 хувь хүртэл буурсан гэсэн судалгааг Ус, цаг уур орчны хүрээлэнгээс гаргажээ. Статистикийн судалгаанаас, мэргэжилтнүүдийн хэлснээр бол агаарын бохирдол буурсан байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар /XII.16/ Улаанбаатар хотын агаарын бохирдол “Агаарын чанарын стандарт” буюу бидний амьсгалж болох хэмжээнээс даруй 20-30 дахин их байгааг нийслэлийн Агаарын чанарын алба мэдээлж байна.
Ирэх жил утаатай тэмцэх мөнгийг нэмж, 200 тэрбум төгрөгт хүргэхээр болсон байна. Энэ мэтээр утаатай тэмцэх мөнгө жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ тоо нэмэгдсээр цахилгаан, дулааны томоохон станцууд барих хэмжээний мөнгөтэй тэнцэх нь. Утаагүй зуух төдийлөн үр дүн өгөхгүй байгааг Улаанбаатар хотноо суурилуулсан агаарын чанарыг хянах автомат харуул машинаас харж болно. Өвлийн улиралд агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс хамгийн багадаа 7-13 их байгааг эдгээр харуул машинууд заасаар л байгаа гэнэ. Мөн өвлийн их утаанаас ч харж болох юм.
Одоогийн барилга байгууламжууд бүгд шахам цахилгаанаар шалнаасаа, хананаасаа халдаг болсон байна. Утаа гаргадаг гэр хорооллын айл өрхүүд ч шалнаасаа халдаг системийг суулгаад эхэлчихэж байна. Мөн гэр хороололд халаалтын систем суурилуулдаг компаниуд ч Монгол Улсад олон байна. Гэтэл цахилгаан эрчим хүч нь тун найдваргүй. Дээр нь цахилгааны ачааллаа дийлэхгүй. Тог ачааллаа даахгүйгээс үүдэн өглөө, оройд цай буцалгах гэж уддаг. Данхтай цай буцалгаж чадахгүй байгаа юм чинь тень мэтийн халаалтын системийн ачааллыг дийлэхгүй нь тодорхой юм. Товчоор хэлбэл, сүүлийн хоёр жилд 70 тэрбумийг зүгээр л агаарт цацсан. Үр дүн харагдахгүй байхад дахиад л мөнгө цацсаар байх уу. Аль эсвэл тэмцэх аргаа өөрчлөх хэрэгтэй юу. Ирэх жил 200 тэрбум болтлоо өсөх мөнгөөр юу хийж болох вэ?
ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх төслийг 34,6 сая доллар буюу 60 орчим тэрбум хийнэ. Ингэснээр Улаанбаатар хотын эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд түгээдэг энэ байгууллагын хүчин чадал нэмэгдэнэ. Товчхондоо бол Улаанбаатар хотын эрчим хүч хэрэглэгчдийн 65 хувь нь эрчим хүчээр найдвартай хангагдана.
ТЭЦ-3-ийн хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэхэд 35 сая доллар буюу 61 тэрбум төгрөг шаардагдана.
2014 оны наймдугаар сард ашиглалтад орох Амгалан дулааны станц 75,9 сая ам.долларын өртөгтэй. Монгол төгрөгөөр бодвол ойролцоогоор 132 тэрбум төгрөг болж байна. Энэ дулааны станц ашиглалтад орсноор 50 мянган өрхийг цахилгаанаар найдвартай хангана гэсэн тооцоо байна. Мөн Амгалан орчимд байрлах олон жижиг уурын зуух татан буугдах юм.
Энэ мэтээр хэрэгтэй зүйлд зарцуулж болохгүй гэж үү. Аль эсвэл утаатай тэмцэх нэрээр дахиад л агаарт хийсгэх сонирхол байна уу.