Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцоохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцоохыг шаардлаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ар араасаа гарах болсонтой  холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв  зэрэг арав гаруй ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүй, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо мөн Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,  УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, ЦЕГ-т хандан шаардах бичиг хүргүүлжээ.

Шаардах бичигт гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох асуудлыг хуульчилж өгөхийг дурдсан байна. Шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бодит хамгаалалт, хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг шаардах тухай

Хууль байна… Гэвч хохирогч хамгаалагдаж чадахгүй байна!!!

 Хэрэг 1. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 21 настай бүсгүй найз залуудаа зодуулсны улмаас бүх эрхтэн нь няцарч, цөс нь хагарч, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ бүсгүй цагдаагийн байгууллагад хандсан ч туслалцаа авч чадсангүй.

Хэрэг 2. 2013 оны есдүгээр сард Говьсүмбэр аймагт багш эмэгтэйг нөхөр Г нь барилгын багажаар зодож, бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөжээ. Тэрээр эхнэртэйгээ 21 жил ханилах хугацаандаа байнга зодож, 31 шүдийг нь булга цохиж, хүнд гэмтлүүд удаа дараа учруулж байжээ.

Хэрэг 3. Хөвсгөл аймагт 16 настай Б-г 3 жилийн турш авга эгч нь амбаартаа хорьж тарчлааж байсан. Долоо хоногийн турш хоолгүй байсан хүү амбаарынхаа модыг онгойлгож, хажуу айлаасаа идэх юм хулгайлан идэж байгаад баригдсанаар 2013 оны тавдугаар сард энэ хэрэг илэрсэн.

Хэрэг 4. 2013 оны тавдугаар сарын 04-ны шөнө эцэг нь таван настай хүүгээ заазуурдсан. Тэрээр хоёр настай охиноо “ална” хэмээн тогоо руу шидэж байжээ. Тэрээр 2012 оноос хойш хэрэг болох хүртэл 10 удаа эрүүлжүүлэгдэж, таван удаа Захиргааны хариуцлагын хуулийн дагуу баривчлах, торгох арга хэмжээ авахуулж байжээ.

Хэрэг 5. 2012 оны есдүгээр сарын 13-ны шөнө Х нь төрөөд 10 хонож байсан эхнэртээ олон тооны гэмтэл учруулан, хоолойг нь боомжилж, амь насыг нь хөнөөсөн.

Хэрэг 6. 2012 оны дөрөвдүгээр сард 22 настай хохирогч Г нь нөхөртөө 22 удаа хутгалуулж амиа алдсан. Тэрээр цагдаа, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалуулахаар удаа дараа хандсан ч туслалцаа авч чадаагүй.

Цагдаагийн байгууллагын тоон мэдээ:
2010-2013 оны есдүгээр сарын байдлаар нийт 49 хэрэг бүртгэгджээ.

Гэмт хэргийн талаарх албан ёсны энэ статистик мэдээлэл нь гэр бүлийн хүчирхийллийн бодит тоог илэрхийлж чадахгүй.Хуулийн байгууллагад хандсан болон олон нийтэд ил болсон дээрх хэргүүдийн ард илрээгүй олон хэрэг цоожтой хаалганы цаана нуугдаастай хэвээр байгааг мартаж болохгүй!!!

Гудамжинд юм уу өөр газар үйлдэгдвэл гэмт хэрэг болдог, гэр оронд, дотны харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдвэл зөрчил, эсвэл юу ч биш болдог энэ ялгавартай байдлыг арилгаагүй цагт энэ төрлийн хэргийг эрт үед нь таслан зогсоож чадахгүй нь дээрх хэргүүдээс тодорхой болж байна.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ач холбогдол өгдөггүй, “гэр бүлийн хэрүүл, маргаан бидэнд хамаагүй” гэж үзэн төвөгшөөх, дуудлагаар ирсэн ч хоорондоо зохицохыг зөвлөн орхиж явах хандлага давамгайлсаар байна. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд есөн жил болж байгаа ч уг хуулийг батлахдаа бусад хуульд оруулах өөрчлөлтийг хамт батлаагүйгээс энэ мэт өрөөсгөл зохицуулалт өдийг хүртэл үйлчилж ирлээ. Эрүүгийн хуулинд заналхийлэх, тарчлаах, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдог ч гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдсэн тохиолдолд ихэнхдээ хэрэг үүсгэдэггүй, үүсгэсэн ч удалгүй хэрэгсэхгүй болгосоор байна.

Энэ бүхнээс харахад хохирогчид байнгын дарамт, зовиур шаналал, өвдөлт авчирч, улмаар амиа хорлох, амь насаа алдахад хүргэдэг ч гэр бүл, дотны харилцааны онцлогоос шалтгаалан далд үйлдэгдэж, давтагдан даамжирдаг шинжийг нь харгалзсан хуулийн хамгаалалт шаардлагатай байна.  Хүчирхийлэлд өртөгч цоожтой хаалганы цаана аюултай нөхцөл байдалдаа 24 цагийн турш ямар ч хамгаалалтгүй байдаг эрсдлийг харгалзан, ноцтой үр дагавар авчрах үйлдлүүдийг “гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг” гэж тов тодорхой зүйлчлэн хуульчлаагүй цагт хохирогч хэзээ ч хамгаалагдаж чадахгүй. Гэр бүлийн дотоод асуудал гэдгээр хаацайлагдаж үлдсээр, эцэст нь хэн нэгнийх нь амь нас хохирсоор байх болно.

Үйлдэл нь яг ижил хэрнээ хаана үйлдэгдэж байгаагаас шалтгаалан хариуцлага нь өөр болдог хуулийн шударга бус хандлагыг өөрчлөх цаг болжээ.  Хамгийн түгээмэл үйлдэгддэг ч хамгийн бага мэдээлэгддэг далд гэмт хэргийн хохирогчийг бүрэн хамгаалж, гэм буруутанд оновчтой хариуцлага хүлээлгэж чадахуйц хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг ШААРДАЖ БАЙНА!!! “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасан хугацааны дотор гаргасан шийдвэр, хийхээр төлөвлөж байгаа алхмуудын талаарх хариугаа бидэнд бичгээр өгнө үү! Таны өгсөн амлалт, хариултыг бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэн иргэдэд танилцуулах болно.

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
Алхам алхамаар хөгжлийн төлөө
“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Бүсгүйчүүд 21-р зуун
ДемоКрейзи залуусын төв
Казак эмэгтэйчүүдийн Арулар холбоо
Иргэдийн Альяанс төв
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв
“Монгол Өрх” сэтгэл заслын холбоо
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ
ЛГБТ Төв
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
Монголын Эмэгтэйчүүдийн сан
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд
Өсвөр үе, хөгжлийн төв
Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах төв
Хөгжлийн хэлхээ төв
Хөөрхөн зүрхнүүдийн аян
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо
Хүйсийн тэгш эрхийн төв
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ
Хүүхэд хүүхдийн төлөө
Хүний эрх хөгжил төв
Тэргэнцэртэй иргэдийн холбоо
Эрчүүд эрүүл гэр бүл төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж