Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржоос зарим асуултад хариулт авлаа.
-НҮБ-аас ирүүлсэн хүний эрхийг хангах зөвлөмжийн хэрэгжилтийг жил бүр тайлагнадаг. Хэрэгжилтэд ахиц, үр дүн гарч байна уу?
-Огт чимээгүй байсныг бодоход өөрсдөөс шалтгаалах тодорхой ажил хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард иргэний нийгмийн байгууллагуудаа сонсоод, яам тамгын газрынхныг байлцуулаад уулзсан. Үр дүн гарч байна. Яагаад гэхээр Гадаад харилцааны сайд дунд, урт хугацааны тайлан гаргаж, НҮБ-д хүргүүлэх ажлын хэсэг байгуулсан байна. Бидний зүгээс Хууль зүйн байнгын хороонд НҮБ-аас өгсөн зөвлөмжийг жилд нэг удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байх хүсэлт гаргаж хандлаа. Энэ бол тодорхой үр дүн. Өөр яах юм. Иргэний нийгмийн байгууллага, Засгийн газар, холбогдох яамдын анхаарлыг энэ асуудал руу хандуулах үүрэг нь биднийх.
-Гадаадад байгаа иргэнийхээ амь насыг хамгаалахад Монгол Улсын Засгийн газар, ГХЯ, ХЭҮК хангалтгүй ажиллаж байна гэж шүүмжилдэг. Ямар арга зам байна вэ?
-Өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Хүрээд очих, шарил авчрах, яаралтай тусламж үзүүлэх зардлаа төсөвт суулгаач ээ гэж УИХ-ын гишүүдэд олон удаа хэлсэн. Энэ л асуудал болоод байгаа. УИХ дээр энэ асуудал яригдаад орон тоо нэмж байгаа гэсэн. Гэхдээ төсвийг нь шийдэхгүй бол ямар хэрэг байна вэ. Өнөөдөр бүх улсад дипломат төлөөлөгчийн газар нээх эдийн засгийн болоод бусад боломж хомс байна. Гэхдээ хүнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хөрөнгө, ажиллах хүч байх ёстой. Нөгөө талаас манай иргэд анхааруулсаар, сануулсаар байхад өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Ш.Алтантуяагийн хэргээс хангалттай сургамж авсан. Монголын төр хэдэн жил хөөцөлдөөд өнөөдөр ямар үр дүнд хүрээгүй замхарлаа. Гэтэл дахиад нэг эмэгтэй амиа алдчихлаа шүү дээ.
-Консулын газрын үйл ажиллагаа хангалтгүй байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Нэг үеэ бодвол Монголынхоо иргэний төлөө ажиллах ёстой гэдэг ойлголттой болсон. Гэхдээ л манай консулынхан чих хатуу. Ийм уламжлал нь одоо ч хэвээр байгаа.
-Төрийн байгууллагын тэр дундаа яамдуудаас хүний эрхийн хэрэгжилтийн талаар НҮБ-д илгээж байгаа тайлан, илтгэлийн чанар, агуулгад өөрчлөлт гарч байна уу?
-Засгийн газар өөрсдөө бодох асуудал. Яагаад иргэний нийгмийн уулзалтыг байнга хийж байна вэ гэхээр Засгийн газрын илтгэлийг Хүний эрхийн зөвлөл хэлэлцэхэд иргэний нийгмийн байгууллагууд хөндлөнгийн илтгэл тавьдаг. Тиймээс бид ниргэсэн хойно нь хашгирах бус явц дунд нь алдаагаа засдаг болохыг хэлээд байгаа юм. Явц дунд засахыг сануулаад байхад энэ алдаагаа засахгүй бол Засгийн газар НҮБ-д очоод нүүрээ улалзуулаад зогсохоос өөр аргагүй.