Хотын захирагч мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Хотын захирагч мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жил, “Монголын сонинуудын холбоо” байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.  

Чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж, хорин таван жилийн турш галыг нь манаж, үнэний эрэлд хатуу бэрхээс халиралгүй цогтой тэмцэж яваа үе үеийн хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Хаалттай, хүлээтэй байсан Монголын нийгмийн цонхыг цэлийтэл нээж,  хүний эрх, эрх чөлөөг тунхаглан дээдэлсэн ардчилсан хувьсгалын салхийг эх орондоо сэвэлзүүлэхэд  Монголын цэл залуухан чөлөөт хэвлэл үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Чөлөөт хэвлэлийн манайлал тайван замаар ардчилсан хувьсгалыг хийхэд оюун санааны түүчээ болж түүхэн үүрэг гүйцэтгэсэн учраас хөгжил дэвшлийн тухай ярихдаа Та бүхний хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй.  

Ардчиллын үнэт зүйлсийн салшгүй нэгэн хэсэг болсон  Монголын чөлөөт хэвлэл, энэхүү салбарын  сэтгүүлч, уран бүтээлчид хүнд бэрх ямар ч цаг үед ямагт үнэний гэгээг асааж, худал хуурмаг бүхэнтэй зоригтой тэмцэн, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөсөөр байгааг 25 жилийн ойн түүхэн энэ өдөр зориуд онцлон хэлэх учиртай. Нийгмийг соён гэгээрүүлж, хөгжил дэвшил, амжилт ололтын зам руу түүчээлэн газарчлах Та бүхний ариун үйл хэрэг хормын төдийд ч саадгүй байгаасай гэж хүснэ.
 

Сайн үйлс дэлгэрэх болтугай
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
 
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж