НӨАТ-аас 13.4 тэрбумын хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас 13.4 тэрбумын хохирол учирчээ

НӨАТ-ын
хуурамч бичилт хийн, улсын төсөвт 13.4 тэрбум төгрөгийн хохирол
учруулсан зохион байгуулалттай үйлдэл бий болсныг Татварын ерөнхий
газрынхан хяналт шалгалтын дүнд илрүүлж, хэргийг шалгуулахаар Улсын
мөрдөн байцаах газарт шилжүүлсэн тухай Татварын Ерөнхий газраас өнөөдөр
сэтгүүлчдэд мэдээллээ.

Татварынхны хийсэн шалгалтаар нийт 90 аж
ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түдгэлзүүлсэн төдийгүй
зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг мөн судалж эхэлсэн байна.
Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайн тайлбарласнаар НӨАТ-ын
хуурамч бичилт хийх зорилготойгоор байгуулсан нэг бүлэглэлийн 32 компани
байгаа нь тогтоогджээ. Тэдгээр нь Л.Эрдэнэтуяа, Л.Эрдэнэсувд,
Б.Нямсүрэн гэсэн гурван хүний нэр дээр бүртгэлтэй байсан аж. Сардаа
хамгийн багадаа 1 тэрбум төгрөгөөс дээш төгрөгийн борлуулалт хийдэг бол
хамгийн их нь 10 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ гэж НӨАТ-ын тайлан
мэдүүлдэг байжээ. Гэвч ажилчин байхгүй, НДШ төлдөггүй байж. Тиймээс
татварынхан компанийн эздийг бүртгэл дээрх хаягаар нь очиж, шалгахад гэр
хороололд оршин суудаг байжээ. Гэхдээ тэдний хувьд өөрсдийнх нь нэр
дээрх бүртгэлтэй компаниуд НӨАТ-ын хуурамч бичилт хийн, мөнгө буцаан
авдагийг мэдэхгүй. Нэр дээр нь компани байгуулж, нэг компани бүрийг 20
мянган төгрөгөөр үнэлэн мөнгө өгье гэж хэлэхэд нь зөвшөөрч холбогдох
баримт бичгүүдээ өгсөн гэдгээ татварынханд хэлсэн аж.

Ер нь энэ
төрлийн хууль бус үйлдлийг гол төлөв гэр хороололд оршин суудаг,
санхүүгийн талын мэдлэггүй иргэд, гудамжинд амьдардаг иргэн, эсвэл орцны
жижүүр, үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг нь ашиглаж, компани байгуулан
НӨАТ-ын хуурамч бичилт хийн, улсаас их хэмжээний мөнгө буцаан авсан
тохиолдол түлхүү байжээ. Гэхдээ татварынхан дээрх зөрчлүүдийг илрүүлсэн
даруйдаа холбогдох арга хэмжээнүүдийг авч, зарим арга хэмжээг авснаар
НӨАТ-ын хуурамч бичилт хийн, улсад хохирол учруулж байсан цаад эздийн
талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн байгаа
аж. Тиймээс энэ талын мэдээллийг цагдаагийнхан өгнө гэж Татварын ерөнхий
газрын дарга хэллээ.

Харин дээрх үйлдлийн улмаас тодруулбал,
НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40-ийнх нь тайланд шинжилгээ хийж
үзэхэд нийт 319.3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг
ч төгрөгийн татварыг улсад төлөөгүйн зэрэгцээ 319.3 тэрбум төгрөгөөс аж
ахуйн нэгжүүд хоорондоо бичсэн бичилтийг хасч үзэхэд 134.3 тэрбум
төгрөгийн цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13.4 тэрбум төгрөгийн
хохирол учруулсан байж болзошгүй аж.  Бас нэг ноцтой мэдээлэл нь, дээр
дурдсан гурван хүний нэр дээрх компанитай мөн 832 компани хуурамч НӨАТ
бичилтэд нь орооцолдсон асуудал үүсч буй юм байна. Тиймээс энэ бүхнийг
нягтлах зорилгоор Татварын ерөнхий газар 2013 оны төвшинд далайцтай
шалгалт хийж, зарим аж ахуйн нэгжүүд дээрх дахин шалгалт хийх нөхцөл
үүссэн аж.

Харин энэ нь зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд
хүндрэлтэй туссан байх магадлалтай. Түүнээс зөрчилгүй байхад нь аж ахуйн
нэгжүүдийг татварынхан дахин, дахин шалгаж дарамт учруулаагүй, мөн
татварын орлого бүрдүүлэхийн тулд ч аж ахуйн нэгжүүдийг дарамтлаад
байгаа тохиолдол байхгүй гэж Татварын ерөнхий газрын дарга хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж