Орох орон гэдэг хувь хүний амьдралын нэг баталгаа. Тиймээс орон сууцанд орох гэсэн мянга, мянган өрхийн мөрөөдөл харамсалтай нь өнөөгийн нөхцөлд хамраараа тас цохиулна гэгч болчихоод байгаа юм.
Жил ирэх тусам орон сууцны үнэ нэмэгдэж, 2009 онд метр квадрат нь 800 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өнөөдөр 1,600.000 төгрөгөөр зарагдаж байна. Иргэдийн эрэлт хэрэгцээ гэхээсээ илүү төр засгийн төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр барилгын салбар дахь үнэ тэнгэрт хадчихаад байгааг мэргэжлийн байгууллагынхан өөрсдөө ч шүүмжилдэг. Гэсэн хэдий ч барилгын салбар дахь үнэ сараас сард өсч, үнийг нь дийлж чадахгүй иргэдийн үйлдвэрлэж байгаа утааны асуудал Монголын удмын санд нөлөөлөх болсныг захын эмч тайлбарлаад өгөх болов уу.
Утааг, төдийгүй хөрсний бохирдлыг гэр хорооллыг орон сууцжуулах замаар шийдвэрлэх боломжтой. Харамсалтай нь, үлээсэн шаар шиг томорсоор байгаа барилгын салбар дахь өндөр үнийг дийлж хүчрэх өрх өдрөөс өдөрт цөөрсөөр. Ихэнхдээ орон сууц худалдаж авч, цааш нь түрээслэх замаар хөнгөхөн аргаар ашиг олдог хэдэн ченжүүдийн гарт барилгын салбар орж, тэдний тоглолтоор энэ салбарт үнэ тогтоогдох болжээ.
Хүүг буруулснаар эсвэл барилгын салбарт хүү багатай хөрөнгө оруулалт хийснээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр дүн нотлоод өгнө. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд төрөөс хэрэгжүүлсэн орон сууцжуулах төслүүд ихэвчлэн эздийн халаасыг зузаалж, иргэдийн халаасыг сэгсрэхэд чиглэгдсэн гэхэд дэгсдүүлсэн тайлбар болохгүй юм. Тэр тусмаа ямар ч өрсөлдөөнгүй, хэдэн монополь компаниудын эрхшээлд орчихсон Монголын барилгын салбарын салхивчийг нээж, шинэ агаар оруулах, тэнд жинхэнэ амьд өрсөлдөөнийг бий болгох, нөгөө талаар нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Газраа түрээслэх замаар Япон, Хятад, Солонгос, Турк, Казакстаны барилгын томоохон компаниудтай хамтарч, энэ салбарт бугширсан үнийг хөөрөгдлийг хагалж болно.
Монголын компаниуд нь хэт ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй байгаа өнөөгийн нөхцөлд мэргэжлийн байгууллагынхны хэлж буй нэг сая 200 мянгад орон сууц бариад өгөх гадаадын компани зөндөө бий. Тэднийг барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх боломжоор хангаж, иргэдээ хямдхан орон сууцтай болгох, ингэснээр Улаанбаатарыг утааг буруулах гарц байна.
Тэгэхгүй бол хөрөнгөтэй боломжтой хэд нь өвөлдөө АНУ, Япон, Өмнөд Солонгост очоод өвөлжчихдөг, нүүдлийн шувууд шиг хүнийрхүү сэтгэлтэй эзэдтэй Монголын компаниудыг хүү багатай зээлээр дэмжлээ гээд үр дүн муутай хэвээр байх болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд гурван удаа орон сууцжуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлж, тэрбум, тэрбум төгрөгийг зарлагадсан ч эдийн засгийн болоод нийгмийн олон асуудал шийдэл хүлээсэн тэр хэвээрээ байна. Харин ч Улаанбаатарын утаа нь өтгөрч, утаа үйлдвэрлэгчдийн тоо нь жил ирэх тусам нэмэгдээд байгаа бус уу.
Байрны үнэ өсөх болсон шалтгааныг нийлүүлэлт бага, эрэлт их гэдгээр барилгынхан тайлбарладаг. Тэгвэл нэг хөтөлбөрийн сургаар нь үнэ нь суга өсдөг барилгын салбарт эрэлтийг хангаж чадахуйц нийлүүлэлтийг нэмэгдүүлье гэвэл төр энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг ажиллуулах ёстой болж байгаа юм. Төр гадны хөрөнгө оруулагчдыг татахдаа хэний ч мэдэхгүй компанийг оруулж ирэх биш, барилгын салбарт ажиллаад удсан, хөрөнгө ихтэй компаниудтай хамтрах замаар олон асуудлыг шийдвэрлэх гарц харагдаж байна. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “ Япончууд Монголын барилгын салбарт хамтрах бодолтой байгаа”-г дурдаад, тэд Монголын орон сууцны лизинг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн талаар нэгэнтээ ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдаар байшингаа бариулья гэхэд монголчууд алдахгүй. Нэгдүгээрт, нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь хямдарна. Хоёрдугаарт, шударга өрсөлдөөн бий болно. Гуравдугаарт, чанартай сайн барилгууд баригдах боломжтой. Барьсан барилгаа хөрөнгө оруулагчид үүрээд гарахгүй нь тодорхой. Тэгэхээр гэр хорооллыг барилгажуулах ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулья. Тэднийг бодлогоор дэмжиж, утаанаасаа салья.
Нийгмийн сайн сайхан гэхээсээ илүү ашгийн төлөө хэт улайрсан барилгын салбарт цэвэр өрсөлдөөнийг бий болгохын тулд төр холыг харах ёстой болов уу. Түүнээс төр засгийн ямар дарга, сайд нь хувийн барилгын компанитай, түүгээрээ дамжуулан мөнгө угаадаг байх нь бидэнд чухал биш. Харин ч ашиг сонирхлыг зөрчилдөөнийг халахгүйгээр Монголын орон сууцны салбарт эрүүл өрсөлдөөн, эрүүл үнэ тогтож чадахгүй юм.
№ | Дүүргийн | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | Үнийн | Өсөлт |
1 | СХД | 800.000 | 850.000 | 1.100.000 | 1.300.000 | 1.600.000 | 800.000-аар | 100 |
2 | БГД | 900.000 | 950.000 | 1.250.000 | 1.600.000 | 2.000.000 | 1.100.000-аар | 122 |
3 | БЗД | 1.100.00 | 1.150.000 | 1.300.000 | 1.500.000 | 2.200.000 | 1.100.000-аар | 100 |
4 | СБД | 1.000.000 | 1.050.000 | 1.250.000 | 1.600.000 | 2.200.000 | 1.200.000-аар | 120 |
5 | ХУД | 1.150.000 | 1.200.000 | 1.450.000 | 1.900.000 | 2.300.000 | 1.150.000-аар | 100 |
6 | ЧД | 1.000.000 | 1.150.000 | 1.500.000 | 2.000.000 | 2.200.000 | 1.200.000-аар | 120 |
|
|
|
|
|
|
|
|
|
| Дундаж | 991.600 | 1.058.300 | 1.308.300 | 1.650.000 | 2.083.000 | 1.091.400-аар | 110 |
Ж.НЯМСҮРЭН