Түүний ихэмсэг, бардам төрх, хүчтэй хоолой дуурийн театрт эгшиглэж, хүрэлцэн ирсэн хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэж орхилоо. Тайзны засал XVII зууны үеийн амьдрал хэв маяг хувцас, соёлыг харуулах бөгөөд тайзны зураач маш чадварлаг ажилласан болох нь харагдсан. Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид жүжигчид ч сайн ажилласан байлаа.
30 жилийн өмнөх “Кармен” дуурь ямар болж байсныг мэдэхгүй ч энэ удаагийнх олон хүний сэтгэлд хүрсэн сайн бүтээл байсан юм. Үзэгдэл бүр өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, хувцастай, бүжгийн дэглэлттэй. Бүлэг бүрийн эхлэлд балетийн бүжиглэлтээр бүлгийн өмнөтгөлийг харуулж байсан нь “Кармен”-ийг улам ч сонирхолтой болгож байсан юм.
“Кармен” дуурийн гол дүрд Дуурь бүжгийн эрдмийн театрийн гоцлол дуучин Ц.Арюнаа тоглож амьдруулсан. Тэрээр Монголын дуурийн ирээдүй болсон залуу дуучин, буриад эмэгтэй. Хэдийгээр монгол хэл сайн мэдэхгүй ч монголоор цэвэрхэн дуулж, жүжиглэж байлаа. Урлагийн гэр бүлээс гаралтай Арюнааг карменд тоглуулах зорилгоор дуурь бүжгийн эрдмийн театрт багагүй бэлтгэсэн гэнэ лээ. ОХУ-ын Буриад улсад тэрбээр монгол нөхрөө дагаж Монголд иржээ. Залуу хос одоогоор нэг охинтой бөгөөд охин нь хөгжим бүжгийн дунд сургуульд сурдаг ажээ. Охин нь жаахан ч ээжийнхээ аялсан дуу бүрийг нэрээр нь дуурийн хэсэгтэй нь хэлж чаддаг гэнэ лээ.
“Кармен” дуурийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Соёлын тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт зураач Г.Ганбаатар нар ажиллажээ. Дуурийн гол дүр болох Хозе буюу Кармений дурлалт залуугийн дүрд Д.Эрдэнэ-Очир тоглосон.
“Кармен” дуурь нь дэлхийн хамгийн алдартай дуурийн нэгд зүй ёсоор тооцогддог томоохон сонгодог бүтээл. Уг дуурийн үйл явдал Испани хотын Севиль хотын амьдрал, Хааны хатны тамхины үйлдвэр болох XVII зууны хамгийн сүрлэг байшинг дүрслэх аж. Зохиолын бүхий л үйл явдал үйлдвэрийн өмнө болж өнгөрдөг.
Анх уг бүтээлийн зохиолыг А.Мельяк, Л.Галеви нар бичиж, Ж.Бизе хөгжмийг нь зохиож байжээ. 1875 онд анх Парисийн хөгжмийн театрт тоглогдож байсан бол 1984 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулж Монголын үзэгчдийн хүртээл болгож байжээ.
Хэдийгээр дуурийн театрын хамт олон тайзан дээр маш чадварлаг тоглосон боловч үзэгчдийн соёл бас л дутмаг байсаар. Уг нь сонгодог урлагт хүндлэл, өөрийн гэсэн соёл гэж бий. Гэвч энэ удаад хүмүүсийн соёл гомдмоор, театр дахь дуу чимээ хэцүү байлаа. Биеийн тамирийн хувцастай дунд сургуулийн хүүхдүүд тоглолтын туршид дээш, доошоо гүйлдэх агаад угтаж ажилсан ажилчид үзэгчдийн дундуур яван өнөөх хүүхдүүдэд сануулга өгөх нь жаахан хэтрэв үү гэлтэй. Уг нь Монголын ирээдүй болсон залуу үедээ алдартай сонгодог бүтээлийг танилцуулах нь зөв ч тухайн орчинд биеэ авч явах соёлд суралцуулах хэрэгтэй санагдсан шүү.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү