Малайзын цагдаа Монгол иргэний амийг авч хэлэлцээгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Малайзын цагдаа Монгол иргэний амийг авч хэлэлцээгүй

Монгол Улсын иргэн 25 настай эмэгтэй Малайз улсад учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гараад удаагүй байна. Хэвлэл мэдээлэлд хохирогч хүний наймааны золиос болсон гэж үзэх үндэслэл  бүхий мэдээлэл ар гэрийнхэндээ өгч байсан, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан ч арга хэмжээ аваагүй гэх мэдээллүүд цацагдаж  байгаа. Үнэхээр Монголын цагдаа Малайзад амиа алдсан иргэнээ аврах боломжийг алдсан уу гэдэг асуудлаар Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахтай цөөн хором ярилцлаа.

-Малайзад Монголын иргэн амь насаа алдлаа. Цагдаагийн байгууллага амь насыг нь аврах боломжтой хугацаа өнгөрч байхад арга хэмжээ авсангүй гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хоёр  талаас нь харах хэрэгтэй. Тухайн хэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол амь насыг нь аврах бүрэн боломжтой байсан. Монголын цагдаа тэр улсад  үйл ажиллагаа явуулах эрхгүй. Зөвхөн тухайн улсынх нь цагдаагийн байгууллага л ажиллах эрхтэй. Тэгэхээр энэ хэргийн тухайд цэвэр гадаад харилцааны асуудал. Манай улсын цагдаа  Малайзын хууль хүчний байгууллага, Интерпол руу албан бичиг удаа дараа илгээсэн байдаг. Хэрэг гарсны  дараа энэ асуудлыг судалж үзэхэд манай цагдаагийн байгууллагаас зүгээс хийж чадах ажлаа хангалттай хийсэн байсан. Малайзад монгол эмэгтэйн амь нас аюулд орсон байна гэдэг мэдээлэл авсан өдрөөс эхлээд өөрсдийнхөө шугамаар албан бичиг явуулсан байдаг. “Та бүхэн яаралтай туслаач, арга хэмжээ аваач, энэ хүний амь нас хэцүүдлээ” гэж хандсан байдаг. Монгол Улс олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулж чадахгүй бол хүний наймаатай тэмцэж чадахгүй гэдгийг харууллаа. Хэн нэгнийг буруутгахаас илүү хаана алдаа байгааг олж харах хэрэгтэй байна.

-Малайзын хууль хяналтын байгууллага арга хэмжээ аваагүй, нэг ёсондоо манайхаас явуулсан албан бичгийг тоож авч хэлэлцээгүй гэж үү?

-Ямар ч хариу ирэхгүй байсаар хугацаа алдсан. Тийм учраас л дахин дахин албан бичиг явуулсан байгаа юм. Тэгэхээр олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахгүй бол дараагийн удаа ийм хэрэгт Монголын иргэн өртөж, амиа алдахгүй гэх баталгаа байхгүй.  Малайзад олон иргэн сурахаар, ажиллахаар яваад байхад өнөөдрийг хүртэл Монгол тус улсад Дипломат төлөөлөгчийн газар нээгээгүй байна. Энэ асуудал Гадаад харилцааны яамтай холбоотой. Дараа ийм асуудал гарахад хохирогчийг эх оронд нь авчирах, амь насыг нь аврах механизм байна уу гэдгийг ярих ёстой. Гэтэл нэг ажил гүйцэтгэж байгаа хүн рүү асуудлаа чихээд өнгөрөх гээд байна. Энэ ганц цагдаагийн биш тогтолцооны асуудал болчихоод байгаа гэдгийг л хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна.

-Ар гэрийнхэн нь цагдаа нар доог тохуу хийх байдлаар хандаж байсан гэдэг зүйлийг ярьдаг юм билээ?

-Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хүний хувьд аливаа мэдээлэл нэг талыг барьсан биш, үнэн бодитой  байх хэрэгтэй гэж үздэг. Хоёр талаас мэдээллийг авсан байгаасай. Хүнээ алдсан хүн  асуудалд ямар ч байр сууринаас хандаж болно. Нөгөө талаас иргэд маш сайн ойлгож авах, анхаарах хэрэгтэй байна. Бид Малайз улсад гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болохоос болгоомжлохыг  байнга анхааруулдаг ч иргэд өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулсаар л байна. Хүний наймаа, хар тамхины сүлжээнд холбогдсон бол аврагдаж чадах нь маш цөөхан аюултай гэмт хэрэг гэдгийг л маш сайн ойлгоосой.

-Гадаад харилцааны яамны Консулын газартай  холбогдохгүй цаг хугацаа алдсан гэдэг. Монгол Улсын Гадаад харилцааны яам  бүх зүйл өнгөрсний дараа асуудалд анхаарал хандууллаа?

-Хохирогч нь өөрөө Малайзад байсан учраас цагдаагийн байгууллага харилцах журмаараа л харилцана. Интерполд хандах эрх нь цагдаагийн байгууллагад бий. Тэд харьяа байгуулллагынхаа шугамаар л иргэнээ авчрахаар ажилласан. Хэрэв тухайн иргэнийг “Цагаач иргэдийн байранд аваад ирлээ, энэ хүнээ ав” гэсэн тохиолдолд Гадаад харилцааны яам, Консулын газар туслах боломжтой.  Харин тухайн хэргийн хувьд яаралтай цагдаагийн хүчээр иргэнээ аврах хэрэгтэй байсан учраас интерпол руугаа л хандахаас өөр арга байхгүй. Энэ бүхнээс олон улсын тавцанд манай байр суурь ямар байгаа нь шууд харагдаж байна. Малайзын цагдаа ийм асуудалд хүний эрхийн үүднээс хандах байгууллага мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Нэг дэх тохиолдол Ш.Алтантуяагийн хэргээс харлаа. Монголын төр  юу ч хийж чадаагүй. Хоёр дахь тохиолдол нь сая гарлаа. Тэгвэл  төлөөлөгчийн  газар нээгээд энэ асуудлыг  шийдэх үү, дипломат  шугамаар энэ улсад цохилт өгөх үү. Оюутнуудаа татах, иргэдээ татах  зэргээр байж болно.

Одоогийн байдлаар талийгаачийн шарилыг авчрахаар ар гэрийнхэн нь албаны хүний хамт Малайзыг зориод байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж