Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулна

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад зориулсан 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Азийн хөгжлийн банк (АХБ), Япон улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газрын төлөөлөл өнгөрсөн Баасан гаригт гарын үсэг зурлаа.
    Японы ядуурлыг бууруулах сангаас олгож АХБ-аас захиран зарцуулах энэхүү буцалтгүй тусламж нь тус улсын эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн чадавхийг институцын болон хүний нөөцийн хувьд бэхжүүлж засаглалыг сайжруулахад зориулагдана гэж АХБ-наас мэдээллээ.

Энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн даатгалын бодлого, удирдлага, засаглал, чадавхи бэхжүүлэх чиглэлээр өндөр мэргэшсэн, төслийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг бүхий мэргэжилтнүүдийг АХБ сонгон ажиллуулах юм.
    
АХБ-ны Зүүн Азийн газрын эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Клод Бодар-ын хэлснээр “Уг салбарын төлөвлөлт, хэрэгжилтийг хариуцсан хүмүүс сайтар бэлтгэгдэж чадваржсанаар дээрхи байгууллагууд хүн амын, нэн ялангуя бага орлоготой, ажилгүй иргэд болон малчдын хэрэгцээ шаардлагад илүү анхааран ажиллах боломж бүрдэх юм.”

    1994 онд эхлэл сууриа тавьж байсан эрүүл мэндийн даатгал өдгөө тус улсын хүн амын 90 хувьд хүрч үйлчилдэг томоохон салбар болоод байгаа хэдий ч иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар муу, иргэдийн төлөх шууд төлбөр нэмэгдэж байгаа зэргээс даатгалын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг иргэдийн тоо улам бүр нэмэгдэх болсон.

    Эрүүл мэндийн даатгалын байгууллагын одоогийн хүчин чадал хязгаарлагдмал, ялангуяа өртөг тооцоолох, актуар аргаар таамаг боловсруулах, гэрээг хэлэлцэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих зэрэг дээр чадавхи хангалтгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтцийн зөвхөн нэг нэгж хэлбэрээр ажилладаг тул орон тоо, үйл ажиллагааны хувьд хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж  байна.

    Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн гишүүдийг нийгмийн зөвшилцөл хийх, нийгмийн эрүүл мэндийн даатгалын бодлого боловсруулах чиглэлээр сургах ажил мөн хийгдэнэ. Уг салбар зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд олон талын хяналт тавих үүрэгтэй ажилладаг.

УИХ Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр  ажиллаж байгаа билээ. Хуулийн шинэчлэлээр эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, засгийн газрын татаасыг зорилтот бүлэгт чиглүүлж илүү оновчтой болгох, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцын хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан байдал, үйл ажиллагааны чадамжийг сайжруулах тал дээр дорвитой шинэтгэл хийгдэх бөгөөд салбар зөвлөлийн эрх зүйн байдлыг дээшлүүлэн зөвлөл болгон өөрчлөх юм. Хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх шинэтгэлийн зарим ажлуудыг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.  

Манил хотноо төвтэй АХБ нь эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих, бүсийн интеграцчлалыг бэхжүүлэх замаар Ази, Номхон далайн орнууд дахь ядуурлыг бууруулах эрхэм зорилготой байгууллага билээ. 1966 онд анх байгуулагдсан АХБ нь хувь нийлүүлсэн 67 гишүүн орон, үүн дотроо бүс нутгийн 48 орноос бүрддэг. 2012 онд АХБ-ны зүгээс үзүүлсэн нийт дэмжлэг 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 8.3 тэрбум нь хамтын санхүүжилт байсан юм.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж