-НҮБ болон эх орны зүгээс өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж ирсэнд баяр хүргэе. Нөхцөл байдал нь хэцүү газар есөн сар энхийг сахиулна гэдэг амаргүй л байсан байх. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Тиймээ. Нийтдээ есөн сарын хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэлээ. Тус улс нь саяхан тусгаар тогтнолоо зарласан. Манай мотобуудлагын батальоны үндсэн байрлал БНӨСУ-ын Юнит мужийн нийслэл Пенту хотод байрлаж байсан. Борооны болон хуурай гэсэн хоёр улиралтай. Борооны үе нь манай өвлийн улиралтай төстэй боловч маш их бороо ордог. Хуурай улирал нь байнгын нартай цельсийн нэмэх 50 градус хүрдэг. Манай улсаас эрс тэс уур амьсгалтай улс юм. Өмнөд Судан нь хэдийгээр саяхан тусгаар тогтносон улс ч гэлээ өөрийн төрийн засаглал болоод дэд бүтцийн гэх мэт олон тулгамдсан асуудлаа бүрэн гүйцэд шийдэж чадаагүй. Орон нутгийн иргэд нь бага зэрэг зэрлэгшсэн хүмүүс. Тэр ч утгаараа нөхцөл байдал нь маш хүнд. Омог хоорондын мөргөлдөөн байнга гарна. Тухайлбал, малын хулгай, дээрэм тонуул зэрэг гэмт хэрэг ихээр гарна. Үүнийгээ дагаад хааяа отог хоорондын мөргөлдөөн гарах бол энүүхэнд. Иймэрхүү мөргөлдөөний үед талуудаас 7-10 гаруй мянган хүмүүс цуглардаг. Мөргөлдөөний үеэр жад, хутга, АК-47 зэрэг галт буу зэвсгийг их хэмжээгээр хэрэглэнэ. Түүнчлэн омог хоорондын мөргөлдөөнөөс гадна зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа маш идэвхтэй явагддаг.
-Та есөн сарын хугацаанд ямар чиг үүргийг гүйцэтгэж байв?
-Миний үндсэн мэргэжил “молекул-биологич”. Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ, онош, тест хийдэг мэргэжил л дээ. Харин БНӨСУ-д тагнуулын офицерийн үүрэг гүйцэтгэсэн. БНӨСУ явахаасаа өмнө тагнуулын офицерийн үүрэг гүйцэтгэх шаардлагатай бэлтгэл сургалтыг цэргийн тагнуулын газраас авсан. Энэхүү чиг үүргийнхээ дагуу БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхэд англи хэл маань их хэрэг болсон. Өмнө нь би АНУ-д олон жил суралцахдаа англи хэлийг өөрийн хэмжээнд маш сайн сурч авсан юм. Тиймээс олон чиглэлээр орж ирж байгаа мэдээ мэдээллийг шүүж боловсруулалт хийхэд англи хэлний мэдлэг маань их дэм тус болсон. Өөрөөр хэлбэл манай цэргийн баг, батальонд эрсдэл учруулж болохуйц мэдээ, мэдээллийг түргэн шуурхай шүүж боловсруулан, дүгнэлт хийж холбогдох дээд тушаалын албаны дарга нарт хүргэж танилцуулдаг. Энэ дагуу гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, асуудлыг тухай бүрд нь цэргийн хууль, тушаалын дагуу зохицуулан шийдвэрлэдэг үндсэн чиг үүрэгтэй байсан.
-Таныг эх орноосоо явахаас эхлээд ирэн иртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү гэдгийг чанд нууцалсан гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тиймээ. Өөрийгөө болоод олон аавын хүү, ээжийн охидын аюулгүй байдлын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү гэдгээ чанд нууцалсан нь үнэн. Би тэнд цэргийн IT авахдаа хүртэл өөрийн овгоо өөрчилсөн. Яалт ч үгүй аавтайгаа усны дусал мэт адилхан болохоор олон байлдагч, албан хаагч нар “чи Ерөнхийлөгчийн хүү юу” гэж асууна. Тэр бүхэнд би “үгүй ээ, би биш. Итгэхгүй бол миний IT-ийг хар” гэдэг байлаа. Харин үүрэг гүйцэтгэж дуусахын өмнөхөн нийт бие бүрэлдэхүүнд үнэнийг хэлсэн.
-Та нарыг эх орондоо эргэж ирсэн тэр сайхан үйл явц дунд таны найз бүсгүй анх удаа сэтгүүлчдийн дуранд өртсөн. Найз бүсгүйгээгээ танилцуулж болох уу?
– (инээв) Хамаагүй янз бүрийн зүйл ярьчихвал манайхан дараа нь эргүүлж, гуйвуулах зэргээр мэдээлэл бичих тал ажиглагддаг. Яахав, би ганц хоёр зүйл хэлье. Миний найз бүсгүйг Ариунжаргал гэдэг. Биднийг жаахан байхаас манай хоёр гэр хөрш байсан. Тэр үеийн л багын найзууд даа. Бид хоёр олон жил найзалсан. Харин албан ёсоор үерхэж эхлээд гурван жил найман сар болжээ. Манай хүн Америкт сургууль төгссөн. Би БНӨСУ руу явахаасаа өмнө барууны жишгээр “надтай гэрлээч” гэдэг санал тавьж, бөгж солилцож, сүй тавьсан.
-Энхийг сахиулагчид болон ар гэрийнхний уулзалтын үеэр та аавтайгаа уулзсан. Аавтайгаа юу ярив, аав тань эцэг хүний хувьд юу гэж хэлж, ярьж байх юм?
-Аав олон аавын хүүхдэд медаль гардуулж байсан учраас “аав нь энэ удаад үнсээд яахав. Бусдын адил гарыг нь барья. Миний хүү дараа нь хүрээд ир. Тэр үеэр аав нь хүүгээ сайхан тэвэрч үнсэе” гэсэн. Аавынхаа тэр үгийн дагуу одон медаль гардуулсны дараа аавдаа тэврүүлж, үнсүүлсэн (инээв). Аавын маань сэтгэл өндөр, маш их баярлаж байгаа нь мэдэгдсэн. Миний хувьд ч гэсэн юу гэж хэлэхээ мэдэхгүй сайхан мөч минь байлаа.
-Тухайн үед аав тань сэтгэлээ их барьж байгаа нь мэдэгдсэн?
-Харин тийм. (инээв).
-Аав тань “хүүхдүүдээ удаан хүлээлээ, маш их саналаа” хэмээн онцлон хэлсэн. Харин та ерөнхийлөгчтэй мэндлэх сүүлийн гурван цэргийн нэг нь байсан. Энэ зохицуулалтыг цаанаасаа бодлогоор хийв үү, эсвэл өөрөө хамгийн сүүлд нь очоод зогсчихсон юмуу?
-Бодлогын чанартай гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ, би цэргүүдийнхээ өмнө ороод л аавдаа үнсүүлж, гар бариад зогсох бас нэг тиймэрхүү санагдсан. Учир нь миний ард олон цэрэг эрс Зэвсэгт хүчнийхээ ерөнхий командлагчид тэврүүлж, үнсүүлэх гэж хүлээж байгаа. Тиймээс хамгийн сүүлд аавдаа үнсүүлье гэж бодож тэнд очиж зогссон юм. Цэрэг хүн зэвсэгт хүчний ерөнхий командлагчтайгаа гар барьж, тэврүүлж, үнсүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг байгаад зогсохгүй бахархалтай, омогшмоор сайхан дурсамжийг үлдээдэг. Тэгээд л оочер үүсэхээс сэргийлж сүүлд зогссон.
-Энхийг сахиулагчид маань эх нутагтаа ирээд хэд хонолоо. Та нар Улаанбаатарынхаа утааны улиралаар ирлээ шүү дээ?
-Харин тиймээ. Биднийг наашаагаа нисэхэд цельсийн нэмэх 30-40 хэм халуун байсан. Онгоцонд нисгэгчид Монголд цельсийн хасах 23 градус байна, бид монголын хилийг давлаа гэхэд бүгдээрээ хөөрч баярлан алга ташицгаасан. Бас байдгаараа зузаалж, хувцаслаж бэлтгэсэн. Учир нь бид анх гадаа жагсана гэсэн мэдээлэлтэй байсан юм. Онгоц буусны дараа бид дахин алга ташиж, хөөрч баярлаж байлаа. БНӨСУ-ыг үзсний дараа манай Монгол Улс шиг сайхан улс хаана ч байхгүй гэж үнэхээр бодогддог юм билээ. Манай Монголд дөрвөн улирал, сайхан уул, ус, байгаль, алтай, хангай нь байдаг гэж бодохоор өег сайхан сэтгэгдэл төрж байсан. Монгол Улсаа болон гэр бүл, сүйт бүсгүйгээ их санасан шүү (инээв). Тэгээд Буянт-Ухаагаас хөдлөөд хотруугаа орох явцад Улаанбаатарынхаа бүтээн байгуулалтыг хараад үнэхээр гайхсан. Ганцхан зуны дотор маш ихээр өөр болсныг хараад сэтгэл их хөдөлсөн. Би машинаа бариад хотын хөдөлгөөнд оролцсон. Үнэнийг хэлэхэд зарим уулзвар дээрээс буруу зөрүү орчих гээд, төөрчих гээд ч байх шиг (инээв). Нөгөө баахан бөглөрөөд байдаг тойргууд гоё гоё уулзварууд болчихсон ч байх шиг үнэхээр сайхан байсан. Гэртээ ирээд монгол хоолоо идэж ээжийнхээ чанасан сүүтэй цайг уугаад сайхан байсаан, сайхан байсан (инээв).
-Ээж тань яаж угтав?
-Ээж “миний хүү үүргээ сайн амжилттай гүйцэтгээд ирлээ. Ээж нь маш их баярлаж, бахархаж байна” гэсэн дээ.
-Ах, дүү нараа ч их санасан байх. Тэднийхээ тухай яриач?
-Санасан, санасан. Миний хоёр дүү их том болжээ. Манай “Болор сан”-гийн хүүхдүүд хүртэл их том болсон байна. Зарим нь над шиг өндөр. Энэ сүүлийн үеийн хүүхдүүд чинь ямар ч хурдан өсдөг юм. Би өөрөө цэргийн алба хаагаад агшчихсан юмуу, хүнд газар байгаад намхан болчихсон юмуу ч гэж бодогдож байлаа (инээв). Манай хүүхдүүд надаас өндөр, маш том том залуучууд болцгоожээ.
-Цагийн нөхцөл байдал нь сайнгүй газар үүрэг гүйцэтгэх хугацаанд цэрэг эрсийн төрсөн өдөр болоод үндэснийхээ баяруудыг хэрхэн тэмдэглэдэг байв?
-Тиймэрхүү боломжуудыг зохион байгуулна аа. Цэргүүдийн сэтгэлзүйд энэ нь нөлөөлдөг байсан. Бид нар чинь хэцүү газар үүрэг гүйцэтгэж байгаа болохоор ар гэрээ санана, хань ижлээ үгүйлэхээс эхлээд юу эс бодогдох билээ. Улсын баяр наадмын үеэр гэхэд харуул хамгаалалтаа сайтар зохион байгуулахын зэрэгцээ өөрсдийнхөө хэмжээнд бэсрэг бөхийн барилдаан, сур харвааг зохион байгуулсан. Энэ бүгд цэргүүдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, сэтгэл санааг нь өөдрөг, өндрөөр өргөж өгөх жишээтэй. Түүнчлэн цэргүүдийн төрсөн өдрийг сар сараар нь нэгтгэн хийдэг. Тухайн сард төрсөн цэргүүдээ нэг өрөөнд цуглуулж тогооч нарынхаа гараа гаргаж хийсэн бялууг хувааж төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Ер нь цэргийн соёл, хүмүүжлийн ажил маш сайн түлхүү явагддаг байсан гэж би хэлж чадна.
-Баярлалаа.