Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт авах бололцоотой хэмжээ нь хязгаарлагдмал 80 хувь. Үлдсэн 20 хувийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдвэрлэнэ. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгааг ирэх жил хоёр ээлж болгон. Ирэх онд улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр, концесс, буцалтгүй тусламжаар нийт 162 цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дүрэмт хувцасны тухайд Боловсролын газраас баталсан загварын дагуу эх орондоо үйлдвэрлэж байгаа шинэ загварын дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлдэг байхаар сонголт хийж, захиалга хийгдсэн. Сургуулиудад дүрэмт хувцасны борлуулалт нийслэлд 1-3 ангид 98 хувь, 4-5 дугаар ангид 40 орчим хувьтай байгаа бол өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх аймгуудад сурагчдын дүрэмт хувцсыг хүргэх, борлуулах ажил эхэлжээ. Энэ ондоо багтаан тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-нд багтаан улсын хэмжээнд дүрэмт хувцасны борлуулалтыг дуусгахаар төлөвлөсөн байна.
Үүнээс гадна дүрэмт хувцасны үйлдвэрлэлд манай улсын оёдлын салбарын 65 хувь, сүлжмэлийн салбарын 81 хувь, ноос ээрэхийн 98 хувь, ноос самнахын 98 хувь, ноос угаахын 25 хувийг эзлэх үйлдвэрлэгчид ажиллаж байгаа гэж тодотгосон юм.
Асуулгатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд дүрэмт хувцасны чанаргүй байгааг шүүмжилсний зэрэгцээ 6 настнуудын сурах боломж, нөхцөлийг хангах талаар тусгайлсан бодлого байгаа эсэх, сурах бичгийн хангамж, хуваарилалтыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах, хөдөө орон нутагт концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэг барих боломжтой эсэх, гэр цэцэрлэг байгуулах стандарт журам байдаг эсэх, сургуулийг тойргийн системээр байгуулах боломжийн талаар хариулт авсан юм.
Харин асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Миний судалж, мэдсэнээр 2012 онд Сонгинохайрхан дүүрэгт нэг сургууль, дөрвөн шинэ цэцэрлэг, дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл хийгдэж байж. Гэтэл 2013 онд тус дүүрэгт урьд эхлүүлсэн байсан хоёр сургуулийг ашиглалтад оруулсан төдий л ажил хийжээ. Мөн нэг ангид 35-61 хүүхэд сууж хичээллэж байгаа өнөөгийн байдлыг яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Дүрэмт хувцасыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин 100 хувь эх орны бүтээгдэхүүнээр хангана гэсэн санаа нь дэмжүүштэй боловч, урьдчилан төлөвлөөгүйгээс олон бэрхшээл гарсныг цаашид анхаарах хэрэгтэй болов уу. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийн тулд олон тэрбумын зээлийг өгсөн боловч урьдчилан тооцоолоогүйгээс даавуугаа эх орондоо үйлдвэрлэж чадаагүй, улмаар гаднаас даавуу авчирч дүрэмт хувцас оёсон нь өмнө нь оёдлын үйлдвэрүүдийн хийдэг байсан зарчмаас нэг их ялгаагүй болсон.
Цаашдаа ч ойрын жилүүдэд сургуулийн танхимын хүрэлцээний асуудал бүрэн шийдэгдэхгүй нь , хөрөнгө оруулалтаас нь тодорхой харагдаж буй. Гэсэн ч нөхцөл байдалдаа тохируулан гарц олж асуудлыг шийдэх хэрэгтэй гэж би үзэж байна. Эдгээр асуудлуудад төрийн байгууллагын эрх мэдлийн хэт төвлөрөл ихээр нөлөөлсөн гэж үзэж байна. Ялангуяа нийслэлийн боловсролын газар мэдэж шийдэхгүй юм байхгүй болж. Дүүргийн сургуулийн захирлыг нийслэлээс шууд томилдог, багшийн сонгон шалгаруулалтыг нийслэл дээр хийдэг, удирдах ажилтны ажлын үр дүнг мөн нийслэл дээр тооцдог. Гэтэл дүүрэгт тулгарсан асуудлын мөн чанарыг нийслэл мэдэх, шуурхай шийд гаргах боломж байхгүйгээс хугацаа алддаг. Ийм гаж тогтолцоогоор бид удаан явж болохгүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд эрх шилжүүлэх замаар шийдэх боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Тиймээс шүүгч нарын цалинг онцгойлон авч үзэж нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан, үүний оронд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын асуудал шүүгч нарынхаас дутахгүй ач холбогдолтой гэж бодож байна” гэж зөвлөсөн юм.