Ойн салбарынхан олон чухал чуулганд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Ойн салбарынхан олон чухал чуулганд оролцоно

Монгол Улсын ойн сан бүхий газар 18.6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байна. 2006 оноос хойш ойт нутгийн эзлэх хувь буурах хандлагатай байгаа тул салбарын яамнаас тус салбарт онцгойлон анхаарах болжээ. Тиймээс ч ирэх долоо хоногийг ойн салбарын нэрэмжит долоо хоног гэж нэрлэж болохуйц олон үйл ч явдал тохиож байгаа аж. Ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Монгол БНСУ-ын “Ногоон хэрэм” төслийн удирдах зөвлөлийн хурал болон Зүүн хойд Азийн “Шар шороон шуурга, цөлжилт, хуурайшилтай тэмцэх сүлжээ”-ний ээжлит хурал болно.

Харин ирэх мягмар гаригт “Заган ойн тогтвортой менежментийн сайн туршлагууд” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж, Зүүн хойд болон төв Азийн орнууд загийн ургалтыг дэмжих, тарималжуулах туршлагаа хуваалцах юм.

Арванхоёрдугаар сарын 19-ний пүрэв гаригт БОНХЯ-аас “Ойн үндэсний чуулган” зохион байгуулахаар болжээ. Ойн талаар төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх энэхүү чуулганд 500 гаруй төлөөлөгч  оролцон төрөөс баримтлах ойн бодлого, ойн бодлогын шинэчлэл, менежментийн талаар хэлэлцэх юм. Чуулганд оролцогчид ойн сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлох юм. Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64000 орчим  унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах,түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар ярилцана.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж