Хичээлээ тараад гэртээ харих дургүй хүүхэд байдаг

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Хичээлээ тараад гэртээ харих дургүй хүүхэд байдаг

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 120 гаруй нийгмийн ажилтнууд “Хүүхдэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтанд хамрагдлаа. Сургалтын үр дүн болон нийгмийн ажилтнуудын ажиллах боломж нөхцөл, мөн эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд тулгамддаг асуудлын талаар Хан-Уул дүүргийн /Био комбинат/ 10-р сургуулийн Нийгмийн ажилтнаар 13 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Ундрахтай ярилцлаа.

-Хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг хүн бол сургуулийн нийгмийн ажилтан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэт олон хүүхдүүд нэг сургуульд сурч байгаагаас хүүхэд бүртээ хүрч ажиллах байдал хаязгаарлагдсан болов уу гэж боддог. Та хүүхэд бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Энэ хичээлийн жилд манай сургууль 673 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс бусад сургуулийг бодоход манай сургууль харьцангуй бага хүүхэдтэй. Сурагчиддаа хүрч ажиллаж чаддаг.

-Ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, танд хандаж тусламж хүсэх тохиолдол гарч байна уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл олон хэлбэрээр илэрдэг. Тухайлбал, манай сургуулийн 2-р ангийн сурагч бий. 7 настай охин. Тэр охин хичээл нь тарсан ч сургууль дээрээ л байгаад байдаг байсан. Тэгэхээр нь уулзаад яриулсан чинь, хойд аав нь дарамталдаг нь илэрсэн. Нүдэж зодож, гэмтээгээгүй ч, үргэлж харцаараа хөдөлгөж, үг хэлээр дарамтлаж, хоол унд өгөлгүй буланд номхон зогсоох, эсвэл гадаа зогсоодог. Мөн хойд аавынх нь ээж нь мөн л үг хэлээр айлгадаг гэж хэлсэн. Тийм болохоор л ээжийгээ ажлаасаа ирэх үед л гэртээ харьдаг байсан байна лээ. Бид ээжийг нь дуудаж уулзсан. Гэтэл нөхрийг минь дуудаж уулзах хэрэггүй шүү. Би одоо жирэмсэн. Хоёр хүүхэдтэй би хаачих билээ гэж хэлсэн. Ийм нөхцөлд амьдарч байгаа хэчнээн хүүхдүүд байгааг хэлж мэдэхгүй. Үнэхээр л зодуулж шарх соривтой байвал л холбогдох газруудад нь зуучилж өгнө үү гэхээс дээрх нөхцөлд бид нөхрөөсөө сал гэж хэлэх эрхгүй. Хий дэмий л  санаа зовоод л өнгөрдөг. Мөн зарим тохиолдолд ээжүүд өөрсдөө хүчирхийлэл үйлдээд байгааг мэдсэн ч, бусдаас нуух тохиолдол элбэг байдаг.

-Ийм тохиолдолд тэр хүүхдүүдэд яаж ч туслах боломжгүй гэж үү?

Манай сургууль дээр ирэх долоо хоногт нийт эцэг  эхчүүдээ хамруулсан өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа. Энэ өдөрлөгөөр хүүхэд ямар хөөрхөн хайр татам болохыг нийт эцэг эх, эмээ, өвөө ялангуяа хүчирхийлэл үйлдэгчдэд мэдүүлэхийг зорино. Ер нь ийм төрлийн өдөрлөгийг давтамжтайгаар зохион байгуулах төлөвлөгөөтөй байна. Бид ядаж ийм арга замаар иргэдийн ухамсарт нөлөөлж, хүчирхийлэлтэй тэмцэх зорилготой байна даа.

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж байгаа “Хүүхдэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь” сургалтын талаар ямар бодолтой байна вэ?

Бидэнд яг л ийм төрлийн сургалт үнэхээр дутагдаж байсан. Энэ сургалтаар ярьж хэлж байгаа зүйлийг ганцхан өөрөө биш, сургуулийнхаа бусад багш нарт цаашлаад эцэг эхчүүдэд ч үзүүл харуулж сонсгомоор санагдаж байна. Би энэ саналаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтынханд уламжилсан байгаа.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж