Нүүрсний экспортоос тэрбум ам.долларыг олжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспортоос тэрбум ам.долларыг олжээ

-Нүүрсний экспорт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 15 хувиар буурлаа-

Ирэх жилийн эдийн засгийн өнгийг эдийн засагчид таатайгаар хэлэхгүй байгаа. Улсын гол орлогыг авчрагч нүүрсний экспортыг ч салбарынхан иймээр төсөөлж буй ч ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 31 сая тонн гэдгээр зорьж байна. Бодит байдал дээр Засгийн газрын харьяа агентлаг, мэргэжлийн холбоод ийм хэмжээний нүүрсний экспортын зорилт дэвшүүлэх бус 25 сая тонн нүүрс экпортлохыг зорино гэж байгаа. Санаж явбал бүтнэ гэдгээр нүүрсний ашгаа ийн төсөөлж сууна.

Энэ жилийн хувьд манай улс 30 сая тонн нүүрс олборлож, үүнийхээ 25 сая тонныг экспортлохоор төлөвлөж байсан. Тэгвэл одоогийн гүйцэтгэлээр 16 сая тонн нүүрс экспортолж, нэг тэрбум ам.долларын орлого олсон байна. Он дуусах дөхсөн тул 2013 оныг энэ хэмжээгээр дүгнэх байх. Ямартай ч салбарынхан болоод эдийн засагчид энэ онд дэлхийн нүүрсний зах зээл хүндхэн, дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт эрс муудсантай холбон тайлбарлаж байгаа. Энэ жил манай нүүрсний салбар хүндхэн сорилтыг давсан. 2013 оны эхээр “Чалко”-гийн гэрээ манай нүүрсний үнийг улам доош нь татах болсоноор дөрөвдүгээр сар хүртэл нүүрсний экспортоо зогсоож, сул зогсолт хийсэн. Дөрөвдүгээр сарын эцсээр нүүрсний экспортыг эхлүүллээ гэх мэдээ олны санааг бага ч гэсэн амраах шиг болсон ч Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ төдийлөн нэмэгдээгүй юм. Эцсийн бүлэгтээ дэлхийн нүүрсний үнэ ханшийг харж суух, Хятадтай зөвшилцөх биш, өөрсдөө алдагдал хүлээхгүйн тулд зардлаа багасгах арга хэмжээ авсан. Тодруулбал, бид нүүрсээ авто машинаар тээвэрлэхдээ Цагаан хадан дээр аваачин гаалийн бүрдүүлэлт хийн, шилжүүлэн ачиж хилээр гаргаж байсан юм. Тэгвэл энэ жилээс нүүрсний экспортын гаалийн бүрдүүлэлтийг Цагаан хадан дээр хийхээ больж, шууд уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн ачих болсноор үйл ажиллагааны зардлаас хэмнэх болсоныг салбарынхан хэлж байгаа.

Манай экспортын орлогыг үүрч явдаг нүүрсний салбарын ганц түнш болох БНХАУ мөн эдгээр өдрүүдэд  ашиг, орлогоо дүгнэн суугаа биз. Хятад улс жилдээ 3.6 тэрбум тонн нүүрсний  хэрэглээтэй бөгөөд үүнийхээ 10 орчим хувийг гаднаас авдаг юм. Одоогоор тус улс руу Австрали, ОХУ, Колумб, Мозамбик зэрэг улс нүүрсээ экспортолж байна. Үүний нэг нь мэдээж манай улс. Нэгэн цагт нүүрс нийлүүлдэг орных нь эхний аравт багтдаг байсан бол одоо сураггүй болох хүртлээ доошилсон. Гол худалдан авагч талын гол түнш болсон Австралид үер болоосой гэдэг үг ч моодонд орох боллоо. Учир нь нүүрсний экспортын ид оргил үед болох 2011 оны эхний хагаст Австралид үер болж, тэдний нийлүүлэх хэмжээний нүүрсийг Хятад цуглуулах гэж ийнхүү Монголоос ихийг авч байсан. Иймээс л Австралид үер болоосой, нүүрсний салбараа сэргээхсэн гэсэн хошигнол гарсан юм. Инйхүү нүүрсний салбрынхан энэ жилийг хүндхэн өнгөрөөлөө. Ирэх жил илүү сайхан зүйл хүлээж байгаа гэж  найдъя.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж