Монгол Улс 2013 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 369.8 мянган тонн буудай, 190.1 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 42.6 мянган тонн тосны ургамал, 42.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.
Буудай, гурилын үйлдвэрлэл өсөхийн хэрээр хүн амын хэрэгцээт гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, үүний зэрэгцээ төгрөгийн ам доллартай харьцах ханшийн өөрчлөлтөөс хамаарч гоймон, цагаан будаа зэрэг гурил орлох бүтээгдэхүүний импорт буурч, дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж байгаа аж. Мөн дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улирлын нөөц бүрдүүлэх зорилгоор 2014 онд 100.0 хүртэл мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг импортоор авах шаардлага гарч байгаа аж. Гурил үйлдвэрлэгчид хөрш ОХУ-аас гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр буудай худалдан авсан тохиолдолд гурилын үнэ өсч, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм байна. Тиймээс үүнээс сэргийлж, дээрх хуулийн төслийг боловсруулсан нь энэ аж.