Оюутны загвар хоолны газар нээгджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Оюутны загвар хоолны газар нээгджээ

ШУТИС-ийн удирдлагууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрандаа “MEAL+”нэртэй оюутны жишиг хоолны газар нээсэн байна. Оюутны загвар хоолны газар хэд хэдэн онцлогтой ажээ. “Meal+” хоолны газарт орж ирсэн хүн бүр гараа ариутгах ёстой гэнэ. Түүний дараа ресепшний хажууд байрлуулсан ухаалаг төхөөрөмжинд бичил шинжилгээ өгсний дараа үйлчлүүлэгчид тухайн өдөр ямар хоол идэж болох, болохгүйг дэлгэцээр дамжуулан зөвлөх юм байна. Зөвлөгөөний дагуу сонгосон хоолоо тэрхүү дэлгэцийг ашиглан захиалсанаар удалгүй хоол бэлэн болох ажээ. Өдөр бүр ингэж хооллосноор өөрийн бие организмд яг тохирсон хоол идэх нь эрүүл байх үндэс суурь нь болж өгнө гэж сургуулийн удирдлагууд үзсэн байна. Мөн 120 суудалтай хоолны газраас гадна өдөрт 1000 хүнд үйлчлэх хүнсний дэлгүүр, 36 суудалтай кафе зэргийг ажиллуулж эхэлжээ.

Хоолны газрын менежментийг БНСУ-ын “Сү Янг катеринг” компанийн Хоолзүйч гурван мэргэжилтэн, ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, шим судлалын мэргэжлийн хүмүүсийн баг зохион байгуулах ажээ. Оюутны жишиг хоолны газрыг технологийн дагуу шинэчлэн зохион байгуулахад улсын төсвөөс 280 сая төгрөг, хоол үйлдвэрлэлийн болон кафены тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд БНСУ-ын “Сү Янг катеринг” компаниас 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай албаныхан мэдээллээ.

Б. МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж