Хяналтыг хэрэгжүүлэх төслийн талаар хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Хяналтыг хэрэгжүүлэх төслийн талаар хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан өндөрлөлөө. Энэ төслийн талаар дэмжсэн болон дэмжээгүй гишүүд саналаа хэлцгээсэн бөгөөд маргааш үдээс өмнөх чуулганы эхэнд санал хураалт явуулж хэлэлцэх эсэхийг шийдэх аж. Гишүүд төслийн талаар дараах байр суурийг илэрхийлсэн байна.

А.Бакей: Байцаагчдад улс төрждөг, ялгаварладаг алдаа дутагдал бий

“Мэргэжлийн байцаагчдад улс төрждөг, ялгаварладаг алдаа дутагдал бий. Хяналтын төвлөрсөн тогтолцооны шинэчлэл хийх ёстойг бүгд хүлээн зөвшөөрч байна. Хяналтын байгууллагад 2000 ажилтан байна. Энэ байцаагчдад бүтцийн өөрчлөлт хийх юм гэсэн хүлээлт байгаагаас ажил цалгардаж байна.

Олон нийт ч хэрхэн өөрчлөгдөхийг нь хүлээж байгаа. Гол нь яаж, ямар үзэл баримтлалаар өөрчлөх вэ гэдэг л байна”


О.Баасанхүү: Стандартынх нь асуудал нь тусгагдаагүй байна

Захиргааны ерөнхий хууль нь батлагдаагүй байна. Стандартынх нь асуудал нь тусгагдаагүй байна. Иймд Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг буцаах хэрэгтэй. Энэ байгууллага ажилласан шиг ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь Мэргэжлийн хяналтын газрын ажлыг урдуур нь орж хийдэг болсон.

Д.Эрдэнэбат: Алдаа гаргасан байцаагчийг явуулдаг хуультай болох хэрэгтэй

Мэргэжлийн хяналтын байцаагч нар хамгийн үнэ цэнэтэй байцаагч болсон. Одоо энэ мэргэжлийн хяналтын байцаагч нарын ёс зүйн асуудлыг хатуу тусгах хэрэгтэй. Иргэдийн гомдлын дагуу алдаа дутагдал гаргасан байцаагчийг явуулдаг хуультай болох хэрэгтэй.

Хуулийн төслийг хойшлуулах шаардлагагүй. Өргөн баригдсан төслийг УИХ дээрээ засч сайжруулаад л явья.

Л.Цог: Хуулийн төслийг хэлэлцэх л зүйтэй

Рекитийн тогтолцоог засах гэж байгаа хуулийн төсөл гэж харж байна. Мэргэжлийн хяналтыг мэргэжлийн хяналт болоод хөндлөнгийн хяналт гэж ойлгох ёстой.

Нүдээ олсон хандлагатай гэж ойлгож байгаа. Бүтэц нь зөв үү, эрх мэдэл нь оновчтой байна уу, үүнийг хэрэгжүүлэгч нь мэргэшсэн байна уу гэдэг л гол асуудал шүү дээ.

Хуулийн төслийг хэлэлцэх л зүйтэй.

Г.Уянга:  Дотоод хяналт байхгүй байхад төрийн хяналтыг үгүй болгох гээд байгаа юм биш үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шүүлтүүрийг даваад ороод ирсэн гэхэд энэ төсөл дэндүү муу төсөл байна. Өргөн барьж байгаа юм бол олигтойхон хуулийн төсөл бичих хэрэгтэй. Дотроо “аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих хуулийн төсөл” гэсэн хэрнээ нэрэн дээрээ “Хяналтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл” гэж байна. Зөвхөн ААН-д хяналт хэрэгжүүлнэ гэж, гэтэл төрийн эмнэлэгт жишээ нь маш сайн хяналт очих ёстой. Төрийн байгууллагад дотоод хяналт байхгүй байхад төрийн хяналтыг үгүй болгох гээд байгаа юм биш үү.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж