Монгол инженерүүдийн ялалтын өдөр

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүдийн ялалтын өдөр

Хоёрхон хоногийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн соёрхол хүртсэн инженер Н.Нацагнямд өнөөдөр  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар “Технологийн дэвшлийн шагнал”-ыг гардуулан өглөө. Уг шагналыг Шинжлэх ухаан, технологийн салбарын оны шилдэг бүтээлд олгодог 100 сая төгрөг дагалддаг уламжлалтай.

Инженер Н.Нацагням шагналаа гардаж авсны дараа төрийн ордны их танхимд оюутан залууст зориулж     “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон түүний виртуал лаборатори” сэдэвт бүтээлийнхээ талаар, энэ амжилтад хэрхэн хүрсэн тухай лекц уншсан юм.

Тэрбээр “Реал тайм оперэйтинг,  Пи Ай Пи контрол гэсэн хоёр систем нь хүнээр бол хоёр гар нь юм. Энэ хоёр байхгүйгээр цахим төхөөрөмж хийх боломжгүй. Үүнийг монгол нэрээр хийсэн нь барууны технологийн нууц бидний толгойд ороод ирсэн гэсэн үг. Одоо хэрэглээ болгочих юм бол манай монгол инженерүүд барууны синёр инженерийн түвшинд ажиллах боломжтой. Өнөөдөр бол монгол инженерүүдийн ялалтын өдөр” хэмээн  онцоллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Нацагням инженерт баяр хүргэж “Бид монгол оюун ухааныг алдаршуулж байна. Н.Нацагнямын бүтээл цэвэр оюуны бүтээл юм. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол цахилгаан станцууд нүүрс шатаагаад цахилгаан үйлдвэрлэж тэр цахилгааныг бид нар хэрэглэдэг. Энд нэг  хүн цахилгаан зуух залгаж, тэнд нэг хүн индүүгээ салгаж янз бүр болоод байхаар ачаалал нь хэлбэлзэж  цаана нь байгаа хүчдэл дээр  очоод сөрөг нөлөө үзүүлдэг. Тэрнийг л  зохицуулдаг юмыг Н.Нацагням бүтээсэн. Номын хэлээр нь хэлэх юм бол генераторын  хүчдлийн хэвийн тогтвортой байдлыг бий болгох зүйл бүтээсэн. Тэр зүгээр л  ийм зүйл байдаг гэж яриагүй. Станц дээр бодитоор хийж, туршиж, яаж хэрэглэвэл хэдэн төгрөгийн хэмнэлт гарахыг тооцож, түүнд зориулагдсан   элементүүдийг  аваад өгчихвөл ийм бүтээл хийж чадна гэдгээ нотолсон. Гадаад орноос өндөр үнээр авдаг эл бүтээгдэхүүнийг монгол залуус маш хямд өртгөөр хийж чаддаг боллоо. Монгол хүний оюун ухаан мөнгө  болж, монголын эдийн засагт нөлөө үзүүлэхэд ойрхон байна. Өнөөдөр монгол инженер дахин мандан бадарч байна” гэсэн юм.       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж