Н.Алтанхуяг: Зээлийг төлөхгүй бол өр

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Зээлийг төлөхгүй бол өр

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр болж,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Ерөнхий сайдын тодотгосноор арванхоёрдугаар сарын 18-нд Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан уулзалт Улаанбаатар хотноо товлогджээ. Уулзалтаар төмөр замын асуудлыг хэлэлцэх аж. УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж, түүнд Монголын төмөр зам өргөн царигт суурилна гэж заасан. Гэхдээ эдийн засагчдын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргахад өмнөд хөрш рүү тавих төмөр зам нарийн царигтай байх нь илүү оновчтой гэж үздэг бол нэр бүхий улстөрчдийн хувьд “Геополитик талаасаа урд хөрш рүү тавих төмөр зам өргөн байх ёстой” гэх эсрэг байр суурь баримталдаг. Удахгүй болох дээрх уулзалтаар энэ асуудал хөндөгдөх болж байна. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчдийн асуултад ямар хариулт өгснийг тодруулъя.

-Засгийн газар, Монголбанк хамтран “Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн. Гэвч нефтийн үнийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан нефть импортлогчдын хувьд “Үнийг хүчээр барьж байгаа нь хүндрэл үүсгэж байна. Зээлийг эргэн төлөхөд бэрхшээлтэй байна” гэх. Цаашид яах вэ?

-Өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхэлж, Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжсэн. Төсөл амжилттай хэрэгжсэн. Авсан зээлээ нефть импортлогчид буцааж төлнө. Засгийн газрын хувьд үүнд оролцдоггүй. Яагаад гэвэл Монголбанк арилжааны банкаар дамжуулж нефть импортлогчид зээл олгосон. Эргэж төлөгдөхгүй юм байхгүй.

-Гэхдээ нефть импортлогч компаниудын хувьд авсан зээлээ эргүүлэн төлөх боломж хомс байна. Яагаад гэхээр ам.долларын ханшийн зөрүүнээс болж томоохон компани нь 9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол жижиг компани нь 1-1.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж байгаа. Тэдгээр компаниуд зээлээ төлөхгүй нөхцөлд яах вэ, зээлийг дахин олгох уу.  Зээл дахин олгохгүй болсон нөхцөлд тэднийг орлохуйц нефтийн импортыг хэнээр гүйцэтгүүлэх вэ. Засгийн газарт хувилбар байна уу? 

-“Чадахгүй болохгүй ээ” гэж хэлсэн шүү дээ. Гэтэл та нар “Чадахгүй болбол яах юм бэ” гэх юм, тэрийг би мэдэхгүй. Миний хэлээд байгаа компаниуд чадалтай, хэдхэн төгрөгийн зээл авсан, зээлээ буцаагаад төлчихнө. Тэгэнгүүт зээл дахиад олгочихно. Та нар юунд нь санаа зовоод байгаа юм. Зээлийг авч л байдаг, төлж л байдаг шүү дээ. Зээлийг харин хугацаандаа төлөхгүй бол өр болж асуудал үүсдэг. Тэгэхээр нефтийн компаниудын хувьд тийм асуудал байхгүй, татвараар зохицуулалт хийчихсэн.

-Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар “Хууль зөрчөөд ч болов бонд гаргаж байж эдийн засгаа тэтгэнэ” гэж ярих боллоо. Энэ нь хэр хариуцлагатай мэдэгдэл вэ. Хоёрдугаарт, аймгууд арванхоёрдугаар сарын 5-нд багтаагаад төсвөө батлах ёстой ч өнөөдрийн хувьд хэд, хэдэн аймаг Засаг даргагүй, мөн ИТХ нь хоёр хуваагдчихсан. Төсвөө баталж чадахгүй сууна. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөн аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болъё гэх асуудал яригдах болсон. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Сүүлийн асуултаас нь эхлээд хариулъя. Аймаг нийслэлийн удирдлагыг Н.Алтанхуяг тавиагүй. Тухайн шатных нь ИТХ хуралдаад олонхийн санал авсан хүнээ санал болгоод сонгоод явдаг хуулийн дагуу болсон процесс. Тийм учраас би хариуцлага хүлээхгүй. Гэхдээ орон нутгийн сонгууль болж өнгөрөөд жил болж байхад зарим аймгууд асуудалтай байгаа нь удирлагыг сонгодог тогтолцоогоо өөрчлөхөөс аргагүйг харуулж байгаа. Тийм учраас бүлгийн төвшинд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог, сумын Засаг даргыг иргэд нь томилдог байя, энэ талын хуулийн зохицуулалтыг хийе гэж зарчмын санал гаргасныг дэмжиж байгаа. Ийм өөрчлөлт хийчихвэл дараа, дараагийн Ерөнхий сайд ажил хийхэд зөв харилцаа тогтоно. Түүнээс Н.Алтанхуягт зориулж хуулийн өөрчлөлт хийх гээд байгаа зүйл биш.

Зээл, өрийн тухайд эдийн засагчидтай ярилцаж үзлээ. Нэг хэсэг нь “Зээл авч яах юм бэ, дараа төлөх гэж үйлээ үзнэ” гэж байхад нөгөө хэсэг нь “Зээл авахаас юунаасаа айгаад байгаа юм бэ.  Ажлаа хийгээч ээ, өнөөдөр хүмүүс сайхан амьдаръя гэж байна” гэж байгаа. Би аль талд нь байна гэхээр таван жилийн дараа зээл авъя гэж хүлээсэн дор бол өнөөдөр мөнгөө босгоод явах нь зөв юм байна гэж бодож байгаа. Мөн 2017 онд зээлээ яаж төлнөө гэж толгойгоо гашиглаад байх хэрэггүй. Жишээ нь Чингис бондоор өнөө жил хийсэн хөрөнгө оруулалт 2017 онд хэд дахин нугалаад ашгаа өгчихнө.

Энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.5 их наяд, 2017 онд “Чингис бонд”-ын хүүнд 1 их наяд төгрөг хүрэхгүй мөнгө төлнө. Харин Монгол Улсын хөрөнгө оруулалт 2017 он гэхэд 2 их наяд болно. Тэгэхээр улсын төсвийнхөө 2 их наядын хөрөнгө оруулалтынхаа 1 их наядыг өрөндөө өгөөд үлдсэнээрээ хөрөнгө оруулалт хийчих гэж байгаа. Би ийм саналтай эдийн засагчдыг дэмжиж байгаа.

Анх би ганзагын наймааг 2500 ам.доллараар эхэлж байсан. Урагшаа гараад пүүз аваад Монголдоо ирээд түүнийгээ зараад зээлээ ч төлөөд, эргэлтийн хөрөнгөтэй ч болж чадсан.  Ирээдүйдээ итгэлтэй л байх ёстой. Зарим орон үнэхээр буруу юм хийсэн, олон улсын зах зээлээс мөнгө босгочихоод түүнийгээ иргэддээ тараачихсан. Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтад зарцуулна. Жишээ нь, Замын-Үүдээс- Эрдэнэт хүртэл 1 тонн ачааг 350 мянган төгрөгөөр ачуулдаг байсан бол авто зам тавьснаар 1 тонн ачаа 150 мянган төгрөгөөр ирдэг болж байна. Ийм зүйлд Засгийн газар бондын хөрөнгийг зарцуулна.

Хууль зөрчинө гэж бол байхгүй, ийм зөрчил үүссэн үү гэвэл үүссэн.  Учир нь УИХ өнгөрсөн жил Засгийн газарт  5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон.  Тэр дагуу Засгийн газар 1.5 их наядыг гаргасан. Одоо 3.5 их наядыг гаргах ёстой. Засгийн газар ажлаа хийх ёстой. Нөгөө талд нь Монгол Улсын өр ДНБ-ний 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Үүнтэй л зөрчилдөж байгаа болохоос биш өөр зөрчилдсөн зүйл байхгүй. Тийм болохоор үүнийг нэгмөр болгоод шийдвэрлэх ёстой. Үүний тулд өрийг ДНБ-ний 60 хувьтай тэнцэхээр болгоод зээлээ аваад, ажлаа хийчихье. Тэгвэл илүү ирээдүй, хөгжил цэцэглэлт харагдаж байгаа.

-Ерөнхийлөгч өчигдөр хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарынхантай уулзалт хийсэн. Энэ үеэр бизнес эрхлэгчид татвар бүрдүүлэх зорилгоор хяналт, шалгалт хийж асар их дарамт шахалт үзүүлдэг боллоо гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засгийн хувьд ирэх хавар их зүтгүү болж мэдэхээр байна гэсэн. Засгийн газар яагаад бизнес эрхлэгчдээ дарамтлаад байна вэ?

-Төсөв хүнд байгаа юу гэвэл хүнд байгаа. Шалтгаанууд нь тодорхой. Гэхдээ Засгийн газар “Төсөв тасрах гээд байгаа учраас наад хэдээ дарамтлаад мөнгө цуглуул” гэдэг юм яриагүй, үүрэг ч өгөөгүй. Харин та нар мөнгө төгрөг олдохгүй байна гэдгээр аж ахуй эрхлэгчдийг дарамтлахгүй шүү гэдгийг хэлж байгаа. Уржигдар “Шинэчилж шийдье” уулзалтын үеэр нэгэн бизнес эрхлэгч “Тендэрт оролцоё гэхэд НӨАТ-аа төлсөн байх ёстой гэх юм. Үүнийгээ болиулж болдоггүй юм уу” гэж байна лээ. Хуулийг хүн бүр мөрдөх ёстой.

Гэхдээ иргэдийг бизнес эрхлэгчдийг чирэгдүүлдэг, дарамталдаг хандлага бий юу гэвэл бий, тэр бол Засгийн газрын байр суурь биш. Гаалийнхан, татварынханд бүгдэд нь хэлж байгаа. Хариуцлага алдсан нөхдүүдэд зохих шийтгэлийг хүлээлгэж байгаа. Гол нь таван байцаагчийн хийсэн буруу үйлдлийг Засгийн газар үүрээд баймааргүй байна. Тийм учраас Гаалийн даргад арга хэмжээ авсан. 

-Та валютын ханшийг зориудаар хөөрөгдсөн хүмүүсийн нэрийг зарлана гэсэн. Хэзээ зарлах вэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс арваннэгдүгээр сард багтаагаад урд хөрш рүү тавих төмөр замын царигийг ямар хэлбэрээр барихаа оруулж ир” гэж Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ асуудал хэзээ тодорхой болох вэ. Ирэх онд Засгийн газар ямар обьектыг хувьчлах вэ, эзэнгүй юм шиг өмч хөрөнгө шамшигдсан тухай дуулдах?

-Валютын ханшийг жинхэнэ хөөрөгддөг үе шинэ жил. Хэд хоног тэсчих. Төмөр замын асуудлын тухайд арванхоёрдугаар сарын 18-нд Хятад, ОХУ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод ирж, гурван улсын хамтарсан зөвлөгөөн хийнэ. Төмөр замыг хөгжүүлэх чиглэлээр, төмөр замын хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгээ ярилцана.

-Төрийн өмчийг эзэнтэй болгох асуудлаар Засгийн газар 2014 онд ажиллана. Өнгөрсөн долоо хоногт АЗЗА компанийг Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжүүлсэн. 20 тэрбум төгрөгийг авто замын засварт зарцуулж байна.

Төрийн өмчийг хувьчлах асуудалд болгоомжтой хандах ёстой, тодорхой хугацаанд гэрээгээр ашиглуулдаг ч юм уу тийм зүйл байж болно. Мэдээж төрийн хүнд суртлыг арилгаж данхайсан төрийг багасгаж, төрийн өмчийг эзэнжүүлэх чиглэлд онцгой ахиц дэвшил гаргана. Хувьчлагдах обьектын жагсаалтыг гаргаж УИХ-д мэдүүлнэ.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Засгийн газарт хариуцлага тооцох ёстой хэд, хэдэн сайд байна” гэж хэлэх болсон. Таны хувьд хариуцлага тооцох сайд байгаа гэж үздэг үү?

-Засгийн газрын хувьд хариуцлага тооцож байгаа ш дээ. Саяхан Гаалийн дарга, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга нарын цалинг зургаан сараар 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Үүнийг иргэд шүүмжилж байна, тэгж хариуцлага тооцоод байхдаа яадаг юм гэж… Хариуцлага тооцох гурван хэлбэр байдаг, эхлээд сануулдаг, дараа нь цалинг нь зургаан сараар 20 хувиар бууруулж торгодог. Эцэст нь халдаг. Тийм болохоор би хүмүүстээ халахын өмнөх арга хэмжээг авсан. Ажлаа хийгээрэй, алдаа дутагдал гаргавал ажлаас чөлөөлөнө шүү гэсэн анхааруулгатайгаар. Яаран дааран хүнийг ажлаас чөлөөлөх биш гарсан алдаа дутагдлыг засч залруулах нь чухал байгаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж