Хяналтыг хэрэгжүүлэх журмын хуулийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Хяналтыг хэрэгжүүлэх журмын хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдаж байна. Уг хуулийн төслөөр иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа энэхүү хууль чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзэж буйгаа танилцуулсан юм.

Хуулийн төсөлд тусгагдсан бусад зарчмын шинжтэй асуудлыг дурьдвал, төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулиар шинэ хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоох, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр, шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн, хил дээрх үзлэг шалгалт гэж ангилан шалгалт тус бүрийг хийх үндэслэл, үргэлжлэх хугацаа, дүгнэх, мэдээлэх асуудлыг нарийвчлан тогтоох заалтууд оруулжээ.

Хуралдааны үеэр Ж.Энхбаяр гишүүн “Нарийн яривал энэ төслийг гадныхнаар хийлгэсэн. Бид хяналтын тухай хуулийг сайтар няхуур хэлэлцэх ёстой. Иймд энэ төслийг хэлэлцэхийг хойшлуулах хэрэгтэй” гэв.

Хуулийн төслийг өргөн барьсан Д.Тэрбишдагва “Энэ хуулийн төслийг гадны захиалгаар хийгээгүй. Ажлын хэсэг маань бүтэн жил ажилласан хуулийн төсөл юм шүү” гэлээ.

Ж.Энхбаяр “Энэ хууль батлагдсан тохиолдолд Монголд үйлчилж буй нийт хуулийн 20 хувьд нь засвар орно. Ийм учраас нь няхуур байх ёстой гээд байгаа юм. Энэ хууль олон улсын санхүүжилтийн корпорацийн захиалгаар боловсруулагдсан биз дээ. Ер нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагатай” гэв.

УИХ-ын даргаас МАН-ын бүлгийн шинэ дарга С.Бямбацогтод “Энэ асуудлаар завсарлага авах боломжтой. Та завсарлагаа авах юм уу” гэдгийг лавласан бөгөөд үүнд хариулт өгөөгүй тул хуралдаан цааш үргэлжлэн явж байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж