Хоккейн лиг орон нутагт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Хоккейн лиг орон нутагт эхэллээ

Монголын
хоккейн холбооны лигийн тэмцээн өчигдөр /12.11/ Эрдэнэт хотод эхэллээ. Энэ
жилийн лигт урьдын адил зургаан баг оролцох бөгөөд эхний тойргийн
тоглолт ням гариг хүртэл Эрдэнэтэд болно. Харин хоёрдугаар тойргийг ирэх
сарын 15-19-нд Дарханд явуулах тов гарчээ. Улмаар плей-оффт шалгарсан
багууд хоёрдугаар сарын 13-16-нд Эрдэнэтэд тоглож, медальтнуудаа
тодруулах юм. Лигийн нийт шагналын сан 10 сая төгрөг байна. Өнөө жилийн
лигт Канад, Орос, Америкийн легионерууд ирж тоглохоор болжээ. Лигийн
таван удаагийн аварга “Отгон од” клуб нэрээ “Хасын хүлгүүд” хэмээн
сольсон байна. Учир нь, тус багийнхан “Хас” банктай нэг жилийн гэрээ
байгуулсан аж. Үүнээс гадна “Дархан”, “Эрдэнэт”, “Шарын гол”, “Билэгт
хүү” гэсэн багууд лигийн аварга цолны төлөө өрсөлдөнө. Монголын хоккейн
лиг 1999 онд анх зохиогдсон бөгөөд өнөө жил 14 дэх удаагаа болох аж.
Ингээд лигийн таван удаагийн аварга “Хасын хүлгүүд” клубын тавтын ахлагч
Г.Тамираас цөөн зүйлийг тодрууллаа.

-Танай баг лигт таван удаа түрүүлсэн. Энэ жил ямар зорилготой байна вэ. Бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Үнэнийг
хэлэхэд бэлтгэл сургуулилтаа сайн хийж чадаагүй. Яагаад гэвэл 15 дугаар
хороололд байрлах манай багийн талбайг өөр зориулалтаар ашиглаж, суллаж
өгөөгүй. Түүнээс болоод өөр талбайд бага зэрэг бэлтгэл хийсэн. Гэсэн ч
таван удаагийн аварга цолоо хамгаалахын төлөө зүтгэнэ дээ.

-“Хас” банктай хэр урт хугацааны, хэчнээн төгрөгний гэрээ байгуулав?

-Эхний
ээлжинд нэг жилийн гэрээ байгуулсан. Тус газраас бидний хувцас
хэрэглэлийг бүрэн дааж байна. Энэ жилийн лигт амжилт гаргаад, ивээн
тэтгэгчдийн зүгээс тавьсан шаардлагыг сайн биелүүлбэл гэрээгээ сунгах
боломжтой.

-Багийн бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт оров. Легионер тоглогч хэр олон байгаа вэ?

-Манай
багт хоёр легионер бий. Нэг нь Монголын хоккейн лигт тоглож байсан.
Нөгөөх нь лигт тоглож байгаагүй. Гэхдээ манай лигийг маш сайн мэддэг
тамирчин. Бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт орсон. Яагаад гэвэл, энэ жил
“Жалам хар” багтай нэгдсэн. Нийт 19 тоглогч, гурван хаалгачтай.

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж