Ч.Эрдэнэтуяа: Олимпийн эрхийн тэмцээн буудлагаар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Ч.Эрдэнэтуяа: Олимпийн эрхийн тэмцээн буудлагаар эхэлнэ

Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны захирал Ч.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-2013 он дуусч байна. Монголын тамирчдын тэмцээн уралдаан ч үндсэндээ дууслаа. Шигшээ баг төлөвлөгөөгөө хэр сайн биелүүлсэн бэ. Үүгээр ярилцлагаа эхлүүлэх үү?

-Үндэсний шигшээ баг 2013 оны хоёрдугаар сарын 15-нд албан ёсоор байгуулагдсан. Энэ цагаас хойш спортын 17 төрөл дээр сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт хийхээс эхэлж багаа бүрдүүлсэний дараа гол ажилдаа орсон байгаа. Манай шигшээ 2013 оны зорилтоо биелүүлсэн гэж дүгнэж байна. Маргааш /өнөөдөр/ болох шигшээ багийн багийн тайлангийн хурал дээр бүр илүү тодорхой мэдээлэл авч болох юм. Яагаад гэвэл, маш олон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цикл давхацсан. Олон ДАШТ-д бид багаа оролцуулсан. Гаргасан амжилт нь ч боломжийн. Гэхдээ бид төлөвлөгөөгөө яг хэрэгжүүллээ гээд суух биш харин цаашид яах ёстойгоо тодорхойлох жил эхэлж байна. Энэ утгаараа амжилтаа дүгнэхээс илүүтэй ирээдүйн зорилгоо тодорхойлох онцлог жил байсан.

-Манай улсын голлож барьдаг спортын төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн тааруу амжилтыг боксчид үзүүллээ гэж спорт сонирхогчид дүгнэж байна. Тэгвэл шигшээ баг үүнд ямар үнэлгээ өгч байна вэ?

-Тааруу амжилт гэж хэлж болохгүй. Боксчид Бакуд болсон тэмцээнээс ялгаагүй л нэг медальтай ирсэн шүү дээ. Тэгэхээр шууд муу, сайн гэсэн үнэлгээ өгөхөөс өмнө юун дээр алдаж, оносныг нь ярилцах ёстой. Тэмцээнээс өмнө, хойно ялгаагүй бид Монголын боксын холбооныхонтой байнга уулзаж, санал солилцож байгаа. Эрдэнэтийн баазад боксчид бэлтгэлд гарахад ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат бид гурав очиж хяналт тавьж, шинжилгээг нь аваад ачааллыг нь тодорхойлж байсан. Үүний дүнд тодорхой хэмжээний амжилт гаргасан. Яагаад боксыг онцолж яриад байгаа би хувьдаа ойлгохгүй байна. Бэлтгэл сургуулилт ч хэвийн байсан. Алдаа гарвал шигшээ багийн албанд дуудаж санал, шүүмжлэл, зөвлөгөө бүгдийг нь хэлсээр өдийг хүргэсэн.

-Боксын шигшээ багийн тухай асуудал руу орсон юм чинь тодруулахыг хүссэн зүйл байна. Дэлхийн аваргын өмнө, дараа нь ч тэр боксын холбоо болон гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хоёрын хоорондох маргаан шуугиан тарьж байгаа. Үнэхээр боксын холбоо Мөнх-Эрдэнийг хавчаад байгаа юм уу. Шигшээ баг уг асуудалд яаж хандав. Холбогдох хүмүүстэй нь уулзсан уу?

-Энэ асуудлыг хүн бүр сонирхож байгаа байх. Манай монголчууд тухайн хүнийг амжилт гаргавал өөрийгөө марттал нь магтдаг. Эсвэл амжилт нь бага зэрэг буураад ирэхээр газар дор ортол буруутгаж, үгүйсгэдэг зантай хүмүүс шүү дээ, монголчууд. Тэгвэл бид хүмүүст боломж өгөх шаардлагатай. Боксчид дэлхийн аваргаас ирсний дараа бид үр дүнгийн хурлаа хийсэн. Уг хуралд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, боксын холбооны удирдлагууд болох Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын хүмүүс бүгд оролцсон. Олон хүний ярианы сэдэв болсон тэр маргаанаар хоорондоо ярилцсан.

-Тэгээд юу хэлсэн юм бол?

-У.Мөнх-Эрдэнэ гавьяат “Би П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нарыг үгүйсгэсэн зүйл огт яриагүй. Харин сэтгүүлчид олны анхаарлыг татахын тулд эмзэг асуудлаар гарчиглажээ. Үүнд би харамсч байна. Надад энэ хоёр хүнийг үгүйсгэх ямар ч шалтгаан байхгүй. Миний өгсөн ярилцлагад алдаа, оноо байгаа байх. Цаашид юу ярихаа бодож байна” гэдгээ хэлсэн. Яг үүнийг далимдуулаад юу хэлмээр байна вэ гэхээр бидний доторх тогоо руу битгий хэт өнгийгөөч ээ. Шигшээ багийн тамирчид, удирдлагуудад бага ч гэсэн хүндэтгэлтэй хандаасай гэж хүсч байна. Тэд чинь адилхан л зүрх сэтгэлтэй, оюун ухаантай, бодол санаатай хүмүүс шүү дээ. Тийм учраас аливаа нэг зүйлийг нэг талруу нь хэт хазайлгах хэрэггүй. Үүнийг л гуйя. Болж байгаа процессийг бид байнга ярьж, засч залрууж явж байгаа. Аль нэг холбооны дотоод журамд бид зохицож л ажиллах ёстой. Түүнээс биш хэн нэгнийг хавчих үзэгдэл үндэсний шигшээ баг дээр байхгүй. Боксын холбоонд ч адилхан гэж би өмнөөс нь хэлмээр байна. Жишээлбэл, Мөнх-Эрдэнийг сорил хийлгүүлсэн, түүний бэлтгэл сургуулилт дээр Оюунболд багш ажиллая гэхэд нь зөвшөөрсөн. Энэ бол бидний хамтын ажиллагааны илрэл юм. Хэрвээ бид хэдэн тийшээ буруу хараад суусан бол боксчид медаль авах байсан ч юм уу, хэн мэдлээ. У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргад яваа ч уу, үгүй ч үү. Юмыг өнгөц талаас нь биш яг бодит үнэн байдлаар нь олон нийтэд хүргэж чадвал би хувьдаа баярлана. Зөвхөн би ч биш спортын зүтгэлтнүүд баярлана. Үндэсний шигшээ багийн гол баримталдаг зарчим бол ил тод, нээлттэй байдлаар асуудалд хандахыг хүсдэг. Спорт бол онцлогтой салбар ч гэлээ тамирчин дасгалжуулагч, холбооны арын албанд ажиллаж байгаа зүтгэлтнүүдийн хүч хөдөлмөрийг үгүйсгэж, сэтгэлрүү нь битгий ус цац. Ингэж байж бид дэлхийн тавцанд илүү их амжилт, нэр хүндээ хадгалж үлдэнэ. Тэгэхгүйгээр хөлөө жийлцвэл бидний амжилт балран доройтсоор л байна. Тамирчдын арын албанд ажиллаж байгаа хүмүүст ажиллах боломжийг нь олгохыг хүсье. Түүнээс биш гадуур яриад байгаа шиг тийм дуулиан шуугиантай зүйл огт болоогүй. Болж байгаа асуудлын хажуугаар шигшээ багийн алба нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгүй шүү.

-Нэгэнт шигшээ баг доторхи маргааны шинжтэй асуудлыг ярьсан юм чинь чөлөөт бөхтэй холбоотой зүйл асууя. Гавьяат тамирчин О.Насанбурмааг дэлхийн шигшээ багт урихад чөлөөт бөхийн холбоо хариуцлагагүй хандсан. Үүнд шигшээ багийн зүгээс ямар хариулт өгөх вэ. Яагаад үүнийг тоолгүй өнгөрөв?

-Намайг ээлжийн амралтаа авсан хойно ийм асуудал гарлаа. О.Насанбурмаа гавьяат надруу ярьсан. Үүний дараа түүнийг дасгалжуулагчийнх нь хамт дуудаж уг асуудлын талаар тодруулсан. Үнэхээр хариуцлагагүй алхам хийсэн бол энэ нь байж болохгүй зүйл гэдгийг бодолцоод холбооныхонтой уулзъя гэтэл тэд тэмцээнд явсан байсан. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг процесс болоогүй юм билээ. Манайх мэдүүлгээ хоцроосноос болж О.Насанбурмаа дэлхийн шигшээ багт ороогүй гэсэн асуудал байгаагүй. Харин тэрээр өөрөө ерөнхий нарийн бичгийн даргатайгаа уулзаж, асуудлаа ярилцсаны үндсэн дээр надад буцаад залруулсан хариулт хэлсэн. “Дарга аа, бид танд буруу ойлголт өгсөн байна. Энэ нь зохион байгуулах хорооны алдаа байжээ. Энэ чиглэлээр манай холбооноос албан тоот явуулах гэж байна” гэж хэлсэн. Үүнээс хойш уулзаж амжаагүй. Чөлөөтийнхөн маань Японд хамтарсан бэлтгэл хийж байна. Тэгэхээр тухайн байгууллагын хүмүүстэй уулзаж зөв мэдээлэл авсны үндсэн дээр олон нийтэд хүргэх нь зүйтэй. Юм бүхнийг буруу тийш нь мушгиад, гуйвуулаад байвал Монголд болдог, бүтдэг асуудал нэг ч байхгүй. Болохгүй байгаа зүйлийг яаж болгох вэ гэсэн зөв гарцыг нь олохын тулд л ажиллах хэрэгтэй. Монголчууд олон жил нэгнээ мууллаа. Одоо болсон шүү дээ. Хэн нэгнийг өмөөрч хаацайлж байгаадаа гол биш. Хэрвээ хамтарч ажилламаар байгаа бол тухайн хүний алдааг зөв, оновчтой байдлаар хэлэхийг уриалж байна. Бусдад муулж биш зөвлөж хамтрах хэрэгтэй.

-17 төрөлд шигшээ баг барьж байгаа. Тэгвэл өнгөрсөн онд Монголын тамирчид зөвхөн дэлхийн аваргаас хэчнээн медаль авсан бэ?

-Ерөнхийдөө шигшээ багийн тамирчид 198 медаль авсан байдаг. Үүнээс голлох төрөл болох бокс, жүдо, чөлөөтийхөн маань есийг нь авчээ. Аль спортын төрөлд ямар ямар медаль авсныг бид нарийвчилсан байдлаар тайлан гаргаж байгаа. Сонирхож байгаа бол /маргааш/ өнөөдөр болох тайлангийн хурал дээр ирээд сонсч болно. Энэ хурлаар бүх асуудлаа ярилцана. Бид анх удаа ийм хурал хийж байгаа юм.

-Хэдхэн хоногийн дараа 2014 он гарах гэж байна. Шинэ олимпийн цикл талдаа орлоо. Ирэх онд шигшээ баг ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Үйл ажиллагаагаа, зорилгоо тодорхойлсон. 2014 он шигшээ багийнхны хувьд хариуцлагатай сорилтын жил болж байгаа. Ирэх онд манай тамирчид Инчон хотод болох Азийн наадамд оролцох ёстой. Үүнд баг тамирчдаа сайн бэлтгэнэ. Уг наадам нь 2016 оны олимпийн өнгийг тодорхойлох томоохон шалгуур болох учиртай. Түүнчлэн олимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Энэ утгаараа нэлээд хариуцлагатай жил байх болно.

-Олимпийн эрх олгох тэмцээнүүдээ тодруулбал?

-Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Уг тэмцээнээс хойш олимпийн эрх олгож эхэлнэ. Тиймээс манай мэргэн буучдын хувьд маш хариуцлагатай, ачаалалтай жил болох юм. Буудлагын тэмцээний дүрэмд томоохон өөрчлөлт орсон. Нам гүм орчин бууддаг байсан тамирчид ирэх жилийн дэлхийн аваргад хөгжөөн дэмжигчдийн чимээ шуугиантай орчинд буудна. Энэ бол тамирчин, дасгалжуулагчаас томоохон ур чадвар шаардана. Алга ташсан, орилсон тэр чимээтэй орчинд сэтгэлзүйгээ хэр сайн барьж, амжилт гаргах нь зөвхөн тамирчин, дасгалжуулагчдаас л шалтгаалах болж байгаа юм.

-Тамирчдынхаа сэтгэлзүйн тал дээр шигшээ баг ямар бодлого барьж байна вэ?

-Сэтгэлзүй гэдэг нь ерөөсөө л тухайн тамирчин өөрөө юм. Бид тамирчдадаа ингэж л хэлдэг. Өөртөө итгэлтэй, бардам хийх ёстой зүйлээ 100 хувь гүйцэтгэж, тухайн тэмцээний талбарт тамирчин хүн биеэ яаж авч явж байна вэ. Энэ бол тамирчны сэтгэлзүй юм. Тэгвэл тэр сэтгэлзүйг тамирчин хүн  өөрөө бүрдүүлэх ёстой. Дараа нь дасгалжуулагч, сэтгэлзүйч туслалцаа үзүүлнэ. Ийм зарчмаар бид ажиллана. Заавал тамирчин гэлтгүй сэтгэлзүй гэдэг нь тухайн хүн өөрөө байхгүй юу. Манай Спортын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээний алба яг энэ чиглэлээр шинэлэг маягаар ажиллаж байна.

-Шигшээ багийн тамирчдад бэлтгэл сургуулилтаа хийх заал танхим хэр хангалттай байна вэ?

-Заал, танхимын асуудал болж спортын байгууллагын үе үеийн удирдлагуудын ярьж байсан зүйл юм. Бид бүхий л бололцоогоо ашиглаад өнөөдрийн төвшинд бэлтгэл сургуулилтаа явуулж байна. Дээрээс нь төрөөс дэмжлэг үзүүлж байгаа. Мэдээж бэлтгэл хийх орчныг сайжруулах нь зүй ёсны хэрэг. Цаашид бэлтгэл хийх орчныг сайжруулна, нэмэгдүүлнэ. Жишээлбэл, таеквондогийн шигшээ баг маань “Олимп” гээд клубээ өөрсдөө тохижуулаад дасгалжуулагч Эрдэнэбаатарын удирдлага дор бэлтгэлээ хийдэг. Саун душ зэрэг хэрэгцээт бүх зүйлийг бүрдүүлж чадсан байна. Буудлага л гэхэд гар бууны тамирчид Батлан хамгаалах их сургуулийн “Аварга клуб дээр бэлтгэлээ хийдэг. Жүдо, чөлөөт, боксынхон л гэхэд бололцоогоо ашишглаад Спортын төв ордонд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Шигшээ багийн тамирчдын ар талд ажиллаж байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлье. Дээрээс нь төр засагт талархал илэрхийлье. Нэг тэмцээнд амжилт гаргаад ирэхэд авдаг шагнал урамшуулал сайжирч, амьдралын баталгаа нэмэгдсэн. Тиймээс илүү өндөр амжилт гаргаж, болгож бүтээхийн төлөө бид ажиллана.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж